Бразилын Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг хэлэлцэх хүсэлт гаргажээ

Дэлхийд | Улс төр
bars@montsame.mn
2017-05-18 09:21:24
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/.Бразилын сөрөг хүчний “Реди” намаас парламентад сонгогдсон нэгэн депутат парламентын доод танхимын дарга Родриг Майя-д хандан, тус улсын Ерөнхийлөгч Мишель Темерийн талаарх дүрс бичлэг цацагдсантай холбоотойгоор түүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх /импичмент/ хүсэлт гаргажээ. Энэ тухай лхагва гарагт Globo телевиз мэдээллээ.

Бразилын хуульд зааснаар, парламентын доод танхимын дарга нь тус улсын Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрөх эсвэл татгалзахыг шийддэг аж.

Бразил улсын Ерөнхийлөгч Мишел Темер тус улсын төрийн тэргүүн асан Дилма Руссефф-ийг огцруулах асуудлыг санаачилж байсан парламентын доод танхимын дарга асан Эдуарду Кунья-г хахуульдан өөрийн талд оруулахыг ятгаж байгааг харуулсан бичлэгийг Бразилын бизнес эрхлэгчид Холбооны дээд шүүхэд өгсөн байна. Тодруулбал, дэлхий дээрх үхрийн мах үйлдвэрлэгч хамгийн том компани болох “JBS SA” компанийн эзэд болох ах дүү Жоэсли Батиста, Уэсли Батиста хоёрын гаргасан мөнгө нь Globo Кунья-г “дуугүй байлгахад” зарцуулагдах ёстой байжээ.

Дээрх бичлэг дээр “Та нар үүнийг нууц байлгах ёстой, ойлгомжтой биз дээ?” хэмээн М.Темер ярьжээ. Үүнээс гадна, Ерөнхийлөгчийн зөвлөх Родригу Роша Лоурес их хэмжээний мөнгийг цүнхэнд хийж байгааг харуулсан дүрс бичлэг цацагдсан нь дуулианыг улам дэврээсэн байна.

О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ