Венесуэльд үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 42-т хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-05-17 19:15:01
КАРАКАС./Reuters/. Улсын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, даваа гарагт гурван хүн амь насаа алдсанаар зургаан долоо хоног үргэлжилж буй Венесуэлийн засгийн газрын эсрэг үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн тоо наад зах нь 42-т хүрсэн байна.

Хил орчмын Тачира мужид 33 настай таксины жолоочийг хоолойд нь буудан хөнөөсөн хэрэгт холбогдуулан цагдаагийн нэгэн ажилтныг баривчилжээ.

Сөрөг хүчнийхэн социалист засгийн газрыг түлхэн унагахын тулд суулт зарлан, замуудыг хааснаар даваа гарагт улс даяар хүчирхийлэл дэгдсэн байна. Хоол хүнсний хомсдол, эрүү мэндийн салбарын хямрал болон инфляцийн огцом өсөлтөнд уурлаж бухимдсан хэдэн зуун мянган хүн сүүлийн хэдэн долоо хоногийн турш гудамжинд гарч сонгууль явуулах, шоронд хоригдож буй идэвхтнүүдийг суллах, эдийн засгийн хямралыг гадаадын тусламжтайгаар даван туулах, сөрөг хүчний хяналт бүхий засаглалыг бий болгохыг шаардаж байна.

Венесуэлийн хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдсэнээр, даваа гарагт болсон үймээний үеэр наад зах нь 90 хүнийг баривчилсан байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын хүсэлтээр Венесуэлийн асуудлыг хэлэлцэхийн тулд лхагва гарагт хаалттай хуралдахаар болсон байна. 

Х.Сарнай 


 
Холбоотой мэдээ