НҮБ-ын Хүүхдийн сангийн 70 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-05-17 15:03:29
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сан үүсэн байгуулагдсаны 70 жил, Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газар нээгдсэний 25 жилийн ойн баярын хурал боллоо.

Баяр хурлыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Монгол Улсын ЭМЯ нь НҮБ-ын Хүүхдийн сантай өнөөг хүртэл олон жил, нягт хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тухайлбал, эх хүүхдийн эрүүл мэнд, дархлаажуулалт, нөхөн үржихүй, орчны эрүүл мэндийн чиглэлээр олон талт хамтын ажиллагааг олон жил үргэлжлүүлсний үр дүнд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг хангаж, хүн амын тоо 3.0 саяд хүрч, эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сангийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр Монгол Улсын Засгийн  газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ эх, хүүхдийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах; ус хангамж, ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангах замаар өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлж байна гэлээ.



Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 5 дахь удаагийн улс орны хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд дараагийн 5 жилд эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, өсвөр үеийн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүй, дархлаажуулалт, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, агаарын бохирдол зэрэг олон чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн үр дүн, зорилго зорилтод хүрэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Хүүхдийг хөхөөр хооллолтыг дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлэх, үндэсний хэмжээнд нэг хүртэлх насны хүүхдийн улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамруулах, 5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгааны улмаас нас барах тоог бууруулах, 15-19 насны өсвөр үеийнхний ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хүн амын ундны усны эх үүсвэр, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг сайжруулах, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үндэсний бодлого, хөтөлбөрийг шинээр батлуулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ хэмээн ярьж байв.


Д.Өлзий
Холбоотой мэдээ