Үндэсний зөвшилцлийг бүрэн хангаж байж Үндсэн хуулиа өөрчлөх нь зүйтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-16 15:05:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулахаар Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг улс төрийн намын дарга, удирдлагуудад танилцуулж, тэдний байр суурь, саналыг сонсох "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулав. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан товчхон танилцуулга хийсэн юм. Түүний танилцуулснаар Үндсэн хуульд дараах өөрчлөлт оруулахаар Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэмжсэн байна. Үүнд: 
  • УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно. /УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж болохгүй ч Засгийн газраас оруулж ирсэн төсвийг бужигнуулаад байвал гол бодлого явахгүй/
  • Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүн, сайд нарын томилгооны асуудлыг шийднэ. Ингэхдээ Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, 72 цагийн дотор батламжилдаг байна. /Нэг талаас Ерөнхий сайд хэт эрх мэдэлтэй болохвий гэсэн айдас байгаа бол эерэг тал нь танхимын хариуцлагыг сайжруулах, эзэнжүүлэх, хариуцлага тооцдог болох боломжтой/
  • УИХ-ын 76 гишүүний 19 буюу 4-ний 1 нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал тавьбал огцруулна. Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Нэгт УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3-ны 2-оос доошгүй нь үзсэн бол,
  • УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас 30 хоногийн дотор, эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол УИХ-ыг тараах зарлиг гаргана.
  • УИХ-ын эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах шаардлагын үүднээс УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ, дийлэнх олны саналаар хуулийг батална. Иргэдийн зүгээс хуулийг 20 хүн баталж байна гэсэн шүүмж гаргаж байгаа учир ийм заалт оруулахаар болжээ.
  • УИХ-ын ээлжит чуулган жилд 2 удаа 75-аас доошгүй хоног хуралдана. /Одоо мөрдөгдөж буй хуульд 50-аас доошгүй хоног хэмээн хуульчилсан/
  • Засгийн газрын 5 яамыг Үндсэн хуульд нэр заан тусгах санал олон хүний дэмжлэг авчээ. Засгийн газар нь нийт 12-13 яамтай байх бөгөөд үлдсэн 7 яамыг УИХ-д үлдээх аж. Нөгөө хувилбараар бүгдийг нь нэр заан Үндсэн хуульд оруулахаар ярилцаж байгаа бөгөөд ингэснээр төрийн эрх мэдэл тогтвортой байна гэж үзэж байгаа аж.
  • Баг, хорооны Засаг даргыг Сум, дүүргийн Засаг дарга нь шууд томилдог болох.
  • Орон нутгийн харьяалалтай хот, Дархан, Эрдэнэт, Чойр хотуудын статусын асуудлаар засаг захиргааны тусгай нэгж болгох гэх мэт өөрчлөлтүүд оруулах санал дэмжигдсэнийг УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан танилцууллаа. Эдгээр саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл ХЭҮК-т явуулсан бөгөөд улс төрийн намуудад мөн хүргүүлсэн аж. Нийт саналыг нэгтгэж дууссаны дараа эцэслэж, иргэдээс санал авч, хэлэлцүүлэн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болбол Зөвлөлдөх санал асуулга заавал явуулах юм байна.
Танилцуулгын дараа хэлэлцүүлэгт ирсэн улс төрийн намын дарга, удирдлагууд саналаа хэлсэн юм. Тухайлбал Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “1992 оны Үндсэн хууль өнөөдөр гарсан хямралын үндэс суурь байгаагүй гэдгийг судалгаагаар таниулах ёстой. Энэ хууль тийм муу хууль биш. Харин Үндсэн хуулийн “дордсон долоон өөрчлөлт”-ийг буцаах ёстой. Бүх өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлэх ёстой” гэсэн бол МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульд оруулж яамдын нэрийг тусгана гэсэн заалтыг өөрчилж, яамдын тоог нь багасгаж оруулж ирсэн байна. Энэ бол буруу. Зөвлөлдөх хэлэлцүүлгийн үеэр энэ санал маш өндөр санал авсан. Энэ заалтыг анхны хувилбараар нь буюу 9 яамны нэрийг хадгалж өгөөч гэж хүсмээр байна” гэлээ.



Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай
“Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Гэхдээ улс орныг удирдах асуудлаар янз бүрийн зөвлөлдөх санал асуулга явуулж болдоггүй юм. Английн жишээг харахад санал асуулга явуулаад Европын холбооноос гарсан. Үүнээс үүдэж Англид ямар хүнд эдийн засгийн нөхцөл байдал үүсч байна вэ. Тиймээс зөвлөлдөх зөвлөл, зөвлөлдөх санал асуулга гэдэг зүйлийг хийж болдоггүй юм” гэхэд ТТЭНН-ын дарга Г.Уянга “Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй. 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг эхлээд сонгох ёстой. Сум, дүүрэг, хорооноос Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг сонговол нийт 500 гаруй депутат бүрдэнэ. Ингээд энэ депутатууд 2020 онд Үндэсний зөвшилцлийг бүрэн хангаж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэсэн санал хэлж байлаа.

Мөн зарим улс төрийн намын дарга, удирдлагууд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байхгүй байна гэж шүүмжилж байв. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй, оруулсан ч яамдын нэрийг зааж оруулж болохгүй, ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болохгүй, Зөвлөлдөх хэлэлцүүлэг хангалтгүй байна гэх зэргээр байр сууриа илэрхийлэв. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ