Ази-Номхон далайн орнууд тэнгисийн цэргийн хүчний төсвөө 60 хувиар нэмэгдүүлнэ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2017-05-16 12:23:51
СИНГАПУР./TASS/. Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын тэнгисийн цэргийн флотдоо зарцуулж буй төсвийн хэмжээ 2020 он гэхэд 60 хувиар нэмэгдэнэ. Энэ тухай Сингапурын Батлан хамгаалахын сайд Н Эн Хэнь 11 дэх удаагаа болж буй IMDEX Asia 2017 гэдэг тэнгисийн цэргийн хүчний зэвсэг техникийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр мэдэгдлээ.

“Өдгөө дэлхий даяар далайгаар хийж буй чингэлгийн тээврийн талаас илүү хувь нь Ази-Номхон далайн бүс нутгаар дамжиж байна. Далайн тээвэр өргөжихийн хэрээр АСЕАН-ны гишүүн орнууд, Австрали, Энэтхэг, Хятад болон бүс нутгийн бусад орнууд тэнгисийн цэргийн хүчээ улам зузаатгаж байна” гэдгийг Сингапурын сайд онцлон дурдсан байна.

Сайдын таамаглаж байгаагаар, 2030 он гэхэд бүс нутгийн далай тэнгист 800 гаруй байлдааны хөлөг онгоц болон шумбагч онгоцууд явах аж.  “Ази тив хөгжихийн хэрээр дэлхийн хүндийн төв дорно зүгт шилжиж байна. Тус тивийг дэлхий бусад хэсэгтэй холбож буй стратегийн гол элементүүд бол Өмнөд Хятадын тэнгис, Малаккийн хоолой юм. Энэ хоолойгоор дэлхий даяар тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүний 25 хувь, далай тэнгисээр тээвэрлэж буй нефтийн 25 хувь нь энэ хоолойгооор дамжин өнгөрдөг” гэж Сингапурын Батлан хамгаалахын сайд хэллээ.

Дашрамд дурдахад, IMDEX Asia 2017 зэвсэг техникийн үзэсгэлэнд 230 орчим компани бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байгаагаас гадна 20 улсын 28 хөлөг онгоц үзэсгэлэнд оролцохоор Сингапурт ирээд байна.
Х.Сарнай




Холбоотой мэдээ