Гурван шалтгааныг үндэслэн МАХН-ын даргыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-15 12:40:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооны хуралдаанаас /СЕХ/ өчигдөр гаргасан. Уг шийдвэрийн үндэслэлийн талаар СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөс албан ёсны  тайлбарыг хэвлэлийнхэнд мэдээллээ.

СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахдаа товчоор хэлбэл “Баримт бичиг дутуу ирүүлсэн буюу "Хил хамгаалах албаны тодорхойлолт ирүүлээгүй”, “ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй”, “тасралтгүй 13 сар 25 хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” гэсэн гурван шалтгааныг үндэслэсэн байна. Ингээд шалтгаан тус бүрээр задалбал:
  • 1. Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д зааснаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгүүдийг СЕХ бүрэн ирүүлэх ёстой. Хэрэв хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.1.4-т зааснаар бүртгэхээс татгалзахаар хуульчилсан. Харин МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь хилийн албаны тодорхойлолтыг СЕХ-нд ирүүлээгүй буюу нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг дутуу ирүүлсэн байна. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.3-т заасны дагуу тодорхойлолтыг Хил хамгаалах ерөнхий газраас СЕХ гаргуулан авчээ.
  • 2. Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3.4-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангасан байхаар хуульчилсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 61.1.2, 61.1.4, 61.1.5, 61.1.7-т зааснаар Цагдаагийн төв байгууллага нь ял шийтгүүлсэн хүний талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна. Харин МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь “ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй” болохыг ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №0011854 дугаар тодорхойлолтоор тодорхойлсон байна. Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна.
  • 3. Монгол Улсын Үндсэн Хуулийн гучдугаар зүйлийн хоёр, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж тус тус заасан бөгөөд мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.” гэж заасан байна. МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь Сонгуулийн тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу “тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” болохыг Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7/3609 дугаар тодорхойлтод дурдсан байна.
Ингээд дээрх шалтгаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Сонгуулийн нэгдсэн хуулийг үндэслэн санал авахаас 30 хоногийн өмнө тухайн нам нэр дэвшигчээ нөхөн нэр дэвшүүлж болох юм.

МАХН-ын зүгээс СЕХ-ны дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхэд эрх зүйн бүрэн бололцоотой гэсэн тайлбар өгч байгаа юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ