Зөвлөлтийн үеийн орон сууцнуудыг нураахыг оросууд эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ВВС/. Оросын хэдэн мянган иргэн Зөвлөлтийн үеийн орон сууцнуудыг нураах төлөвлөгөөг эсэргүүцэн өнгөрсөн амралтын өдөр нийслэл Москва хотод жагсаал хийлээ.
Зөвлөлтийн удирдагч агсан Никита Хрущевын үед баригдсан 3-5 давхар орон сууцнууд буюу “хрущовки” хочит барилгуудыг нурааж, 1 сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгааг оршин жагсагчид эрс эсэргүүцэж байна.
Зөвлөлтийн удирдагч агсан Никита Хрущевын үед баригдсан 3-5 давхар орон сууцнууд буюу “хрущовки” хочит барилгуудыг нурааж, 1 сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгааг оршин жагсагчид эрс эсэргүүцэж байна.
Тэд “эрх баригчид бидний эрхийг үл тоомсорлож байна” гэж хэлээд, төр засаг нөхөн төлбөрийг шударгаар олгохгүй байж магадгүй гэж болгоомжилж байгаагаа илэрхийллээ.
Энэ төлөвлөгөө бол барилгын компаниудад санхүүжилт шилжүүлэх гэсэн арга гэж эсэргүүцэгчдийн зарим нь үзэж байна.
59 настай нэгэн инженер “бидний орон гэрийг тайван орхи!” гэж хашгирч, Москва хотын дарга Сергей Собяниныг шууд буруушааж байв.

Тэрбээр хэлэхдээ “Зөвлөлтийн үеийн орон сууцнуудыг нураах нь С.Собянины санаа. Барилгын компаниуд, эрх баригчдын ашиг сонирхолд нийцүүлэн орон сууцнуудыг нураах гэж байна” гэлээ.
Зөвлөлтийн үеийн орон сууцнуудыг нураах төлөвлөгөөг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн дэмжиж байгаа аж.
Эсэргүүцлийн жагсаалд 5000 хүн оролцсон гэж цагдаа нар мэдэгдсэн бол жагсаалыг зохион байгуулагчид “30 мянган хүн жагсаалд оролцсон” гэлээ.
Сөрөг хүчний улс төрчид мөн эсэргүүцлийн жагсаалд оролцжээ.

ЗХУ-д орон сууцны хямрал нүүрлээд байх үед буюу 1950-1960-аад оны үед “хрущовки” гэдэг орон сууцнуудыг барьж байжээ. Эдгээр барилгын ихэнхийг угсармал бетон хийцүүдээр барьсан аж.
Харин одоо эдгээр барилгууд хуучирч муудсан тул засвар хийх шаардлагатай болжээ.
Тиймээс Москвагийн удирдлага хуучирч муудсан таван давхар орон сууцнуудыг нурааж, оронд нь орчин үеийн олон давхар орон сууцнууд барих 61 тэрбум долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Г.Доржханд