Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-27 18:24:44

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны дарга Ч.Хүрэлбаатар тодотгол хийх болсон үндэслэл, шаардлага, тодотгож буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан юм.

Тэрээр, 2015 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ татварын өр төлүүлэх замаар татварын орлогыг 300 гаруй тэрбумаар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Энэ орлогыг оруулж ирж чадах уу, чадахгүй бол ямар зардал санхүүжигдэхгүй вэ. Ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан зардлын зөрүү хэр байгаа болон орлогын тасралттай холбогдуулан ямар ямар зардлууд танагдсан  талаар тодруулсан.

Түүний асуултад Сангийн сайд Б.Болор, 300 гаруй тэрбумын татварын өр барагдуулж татварын орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газраас төсвийн тодотголыг өнгөрсөн 9 сарын дундуур боловсруулсан. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөж татвар гүйцэт хураагдах баталгааг гаргах хэцүү болоод байна. Гэхдээ төлөвлөсний дагуу Засгийн газар ажиллаж байгаа. Мөн тодотголыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй энэ үед байнгын хороо болон ажлын хэсгээс гаргасан санал, санаачлагыг тусгаад тодотголыг илүү бодит байдлаар төлөвлөх боломжтой юм. Ханшийн өөрчлөлттэй холбоотой зардлын тухайд зөрүүг тооцож тодотголд өөрчлөлтийг тусгаж өгсөн байгаа хэмээн хариулсан.

Харин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, энэ оны төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлогыг 901 тэрбум төгрөгөөр бууруулж байгаа. Зөрүүлээд орлого дайчлахдаа шатахуун дээр 61,3 тэрбум, таварын өр барагдуулахад 325,4 тэрбум, харин зардал талд нийт урсгал зардлыг 171,3 тэрбум төгрөгөөр бууруулсан. Төсөв тодотгож буйтай холбогдуулан зайлшгүй нэмэгдэх шаардлагатай зардлыг 127,4 тэрбум төгрөгөөр төсөвлөж, хөрөнгийн зардлыг 436,4 тэрбумаар бууруулсан. Энэ бууруулсан хөрөнгө оруулалтын зардалд Хөгжлийн банкнаас санхүүжигдэх хөрөнгө оруулалтыг 350,0 тэрбум төгрөгийн зардлыг хойшлуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 31,5 тэрбум төгрөгөөр хойшлуулсан. Гадаад зээлээр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтыг 54,9 тэрбум төгрөгөөр бууруулж тооцож 901 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тооцсон тухай хэлж байсан юм.

Ингээд тодруулгын дараа тус дэд хорооны гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ