Ахмад татвар төлөгчдийг шалгаруулсан нь онцлог байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-13 00:05:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрийн нэгэн онцлог шалгаруулалт бол шилдэг “Ахмад” татвар төлөгчийг шалгаруулсан явдал байлаа.

Татварын Ерөнхий газраас жил бүрийн хоёр дахь долоо хоногийг татвар төлөгчдийн өдрүүд болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 18 жил болж байгаа аж.  Ийнхүү татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь улс орныхоо хөгжлийг дэмжиж, төсвийн орлогыг бүрдүүлэх нэр төртэй үүргээ биелүүлж байгаа татвар төлөгчдийнхөө ажлыг үнэлж, шилдэг найдвартай татвар төлөгчдөө шалгаруулан олон нийтэд сурталчлах, алдаршуулах байдаг.
Тухайн жилийн татвар төлөгчдийг татварын албад шалгаруулдгаараа бусад шагналаас ялгаатай аж. Татвар төлөгчийг шалгаруулахдаа улсын төсөв, орлого, хяналтын газар буюу том татвар төлөгчдийг хариуцдаг албанаас 10 аж ахуйн нэгж, аймаг дүүргээс 3-5 татвар төлөгчийг хамгийн их татвар төлсөн, татварын хуулийн хэрэгжилтийг биелүүлсэн байдал гэсэн үндсэн үзүүлэлтээр мөн үйл ажиллагаа нь тогтворжсон байдал, ажлын байр шинээр бий болгосон, татварын хуулийг сурталчилж, иргэдийн татвар төлөх эерэг хандлагад нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг харгалзан үздэж шалгаруулдаг байна. Ингээд энэхүү шалгуур үзүүлэлтүүдийг давж нийт 99 шилдэг татвар төлөгч шалгарсаны 3 нь Сэлэнгэ аймгаас тодорчээ. Нийт 207 татвар төлөгч оролцсон уг арга хэмжээний шилдгээр Орхонтуул суманд үйл ажиллагаагаа явуулдаг Ш.Норовсамбуу захиралтай “Суварган тамир” ХХК, Мандал суманд үйл ажиллагаагаа явуулдаг Т.Алтангэрэл захиралтай “Хос түрүү” ХХК, Баруунбүрэн суманд үйл ажиллагаагаа явуулдаг Д.Жамъян захиралтай “Бүрэнбургалтай” ХХК–иуд шилдэг татвар төлөгчөөр шалгарч “Монголын татварын албаны дээд шагнал”-аар шагнагдсан байна.
Мөн сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс явуулсан татвар төлөгчдийн өдрийн нэгэн онцлог шалгаруулалт бол шилдэг “Ахмад” татвар төлөгчийг шалгаруулсан явдал байлаа. Үүнд ахмад настан П.Баасандорж захиралтай “Тосонгийн эх” ББН, Д.Цэвээнжав захиралтай “Ээж оюу” ХХК, С.Цэгмид захиралтай “Итгэлт-Ачтан” ХХК-ууд шилдэг тавар төлөгчөөр тус тус шалгарч залуусдаа үлгэр үзүүлсэн байна.  Мөн энэ үеэр аймгийн  Засаг даргын нэрэмжит шилдэг татвар төлөгчөөр Б.Энхбат  захиралтай “Уран-Сэлэнгэ” ХХК, Н.Баасансугар захиралтай “Цахим-Ертөнц” ХХК, Ц.Дэлгэрмаа захиралтай “Эрчин” ХХК-иуд шалгарч шагнал хүртсэн аж.  Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд “Татвар төлөгчийн өдрүүд-2017” зөвлөгөөнөө аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулж ийнхүү шилдгүүдээ тодруулжээ.  

 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ