Малаа тодорхой бүс нутгуудад байршуулах асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-13 00:00:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх боломж” сэдэвт онол үйлдвэрлэлийн олон улсын бага хурал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр боллоо.

Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зүй зохистой хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгох хэрэгцээ, шаардлага, боломж, арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талаас нь өргөн хүрээнд хамтран хэлэлцэж, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгуулах, санал хүсэлтээ нэгтгэн эрх бүхий байгууллагад уламжлах зорилгоор энэхүү Олон Улсын бага хурлыг зохион байгуулж байгаа юм. Тус бага хуралд салбар яамны төлөөлөл, ХАА-н салбарын эрдэмтэн докторууд, ОХУ-ын Буриад Улсын төлөөлөл, Сэлэнгэ аймгийн 17 сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, малчид, тариаланчдын төлөөлөл оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил онол үйлдвэрлэлийн олон улсын бага хуралд тавьсан илтгэлдээ “өнөөдөр Сэлэнгэ аймгийн тухайд эрчимжсэн МАА-г, газар тариалантай хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх нь нийгмийн захиалга болж байна хэмээн онцлон тэмлэглэсэн юм. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн хөрсний үржил шим буурах, элэгдэл эвдрэл, цөлжилтөнд өртөх, малын тоо толгой, бэлчээрийн даацын харьцаа алдагдсанаас ургацад үзүүлэх сөрөг нөлөө ихсэж байгаа нь анхаарал татсан асуудал болж байгаа билээ. Өнөөдөр Сэлэнгэ аймагт 192 эрчимжсэн аж ахуй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Эдгээрийн голлох чиглэл нь мах-сүүний үхэр, мах-ноосны чиглэлийн хонины аж ахуй байгаа юм. Монгол Улсын стратегийн хүнсийг үйлдвэрлэх гол түшиц бүс бол Сэлэнгэ аймаг. Иймээс тус аймгийн эрчимжсэн МАА, газар тариалан эрхлэх бүс нутаг болгон тогтоож, малын тоог бууруулж, малаа тодорхой бүс нутгуудад байршуулах асуудлыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, ХХААХҮЯам болон холбогдох байгууллагууд анхааралдаа авч, нэн яаралтай шийдвэрлэхэд хууль эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч байна.  
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХААГазар, ГОУХАН-ийн эрдэс, баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн газар, “united management consulting”-ээс хамтран зохион байгууллаа.

      Ч.Отгонцэцэг
 

Холбоотой мэдээ