Завхан аймаг хүүхэд бүрийг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-12 22:30:01
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт 1001 хүүхдийн найрал дуу эгшиглэлээ.
Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын найрал дууны багш П.Мөнхжаргалын санаачлагаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн Хөгжимт жүжгийн театр дэмжиж, дээрх үйл ажиллагааг хамтран зохион байгуулжээ.
Энэхүү хүүхдийн найрал дуугаар аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит 15 дахь удаагийн олимпиадын хоёрын давааг эхлүүлж нээсэн байна. Дашрамд Завхан аймаг үеийн үед хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө анхаарлаа хандуулан хүүхэд бүрийн авъяас чадварыг нээн илрүүлэхэд онцгой ач холбогдол өгч бодлогоор дэмждэг аймаг юм. Тиймдээ ч Монгол Улсад анх удаа буюу 2011 онд Улаанбаатар хотноо тухайн үед Чингисийн талбай гэж нэрлэгдэж асан Сүхбаатарын талбай дээр 999 морин хуурч хүүхдүүдийн бүтээлийг танилцуулж байсан. Мөн Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан 2222 морин хуурч хүүхдийн тоглолтыг  улсын баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулсан байдаг. Түүнчлэн 2016 онд Дэлхийн шатрын холбоонд 11 мянган шатарчин хүүхдийг элсүүлж Завхан аймагт 9999 хүүхдийн шатрын наадмыг аймагтаа зохион байгуулсан ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ