"Зугаацуулагч эмэгтэйчүүд"-ийн талаарх хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэхийг Ш.Абэ хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-12 15:06:55
ТОКИО. /NHK/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу  “зугаацуулагч эмэгтэйчүүд”-тэй (comfort women) холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулсан гэрээг тууштай хэрэгжүүлэхийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс хүсчээ.

Лхагва гарагт ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Мүн Жэ Интэй Ш.Абэ өчигдөр анх удаагаа утсаар холбогдсон байна. Тэд 25 минутын турш ярилцжээ.

Ш.Абэ хэлэхдээ “Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал бол хамгийн тулгамдсан асуудлуудын нэг юм” гээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд илүү нягт хамтран ажиллахыг түүнд уриалжээ.

Харин Мүн Жэ Ин энэ асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлаарх хэлэлцээрийг тус хоёр улс 2015 онд байгуулж байсан юм.

Ш.Абэ “энэ хэлэлцээрийг манай хоёр улс хариуцлагатайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй” гэжээ.

Үүний хариуд Мүн Жэ Ин хэлэхдээ “хэлэлцээрийг таагүй хүлээж авсан хүмүүс манай улсад цөөнгүй бий. . Энэ мэт түүхийн асуудлуудыг хоёр улсын ирээдүйн харилцааг харгалзан үзсэний үндсэн дээр ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн байна.
 
Г.Доржханд
 
 
 



Холбоотой мэдээ