Шон Спайсер огцорно гэсэн яриаг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-12 14:06:27
НЬЮ-ЙОРК./TASS/. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер сэтгүүлчдэд зориулан тогтмол хийдэг хэвлэлийн хурлуудын үеэр үзэгдэхгүй байгаа нь тэрбээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бэлтгэл албанд алба хашиж байгаатай холбоотой гэнэ. Энэ тухай пүрэв гарагт түүний нэгдүгээр орлогч Сара Хакаби-Сандерс мэдэгдлээ.

“Шон Спайсер одоохондоо Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байгаа, тийм болохоор миний бие өнөөдөр болон маргааш та бүхэнд мэдээлэл хийнэ” гэж Хакаби Сандерс хэлсэн байна. Харин Шон Спайсер 15-ны даваа гарагт хэвлэлийн мэдээлэл хийх аж.

Хэвлэлийн төлөөлөгч Ш.Спайсер дээрх шалтгаанаар лхагва гарагт буюу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми-г халсны маргааш өдөр болсон хэвлэлийн хурал дээр байгаагүй юм. Үүнтэй холбоотойгоор Спайсерын ажилд Ерөнхийлөгч сэтгэл хангалуун бус байгаа юм байна, түүнийг огцруулж оронд нь Хакаби Сандерсыг тавих гэж байна гэсэн яриа гарах болжээ. Ийм яриа гарах үндэслэл бас байгаа аж, учир нь Спайсер нэг бус удаа оновчгүй үг хэллэг хэрэглэж байсан юм. 

Цагаан ордны эх сурвалж Спайсерийг огцруулах гэж байгаа тухай яриаг няцаасан байна. Спайсер эзгүй байснаар Арканзас мужийн захирагч асны охин Хакабид туршлага суух боломжийг олгож байгаа аж. Ингэхийн тулд камерын бичлэггүй, илүү албан бус байдалд болдог пүрэв гарагийн хэвлэлийн мэдээллийг зориуд сонгож авч байгаа гэнэ.

Өдгөө 45 настай Шон Спайсер АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бэлтгэл албанд 1999 оноос хойш алба хааж байгаа ба  2 дугаар зэргийн ахмад цолтой хүн юм.
О.Барс 

 

 

 



Холбоотой мэдээ