О.Баасанхүү: Эрүүгийн хуульд эх орноосоо урвагчийг өршөөх зохицуулалт орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-11 17:47:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв.
Тэрбээр энэ хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар эх орноосоо урвагчдыг өршөөж, ял шийтгэлгүй өнгөрөөх зохицуулалт туслаа хэмээн шүүмжилж байв. Тодруулбал "Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөвхөн дайны үед л эх орноосоо урвасан гэх заалт ашиглах нь. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байгаа юм. Гэтэл өмнөх хуульд ийм байгаагүй.

Тагнуул хийх гэсэн заалтад мөн нэг ноцтой зүйл бий. "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ” гэдэг заалт шинээр батлагдсан. Өөрөөр хэлбэл гадны тагнуулын байгууллагад элсвэл 8 жилийн л ял авах нь. Ийм л аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна” гэв.

Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирч болзошгүй гэж үзэж байгаа учир О.Баасанхүү гишүүн энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудад шаардлага өгч, үе үеийн тагнуулын байгууллагын дарга нартай уулзаж энэ талаар ярилцан дүгнэлт гаргаж, хууль хэрэгжихээс өмнө нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллана гэв.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ