Аймгийн НЭ-ийн сувилахуйн багийнхан шилдэг гэдгээ дахин харууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-11 16:22:47
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас Олон улсын сувилагчдын өдрийг “Эх хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” сэдвийн дор салбарынхаа хэмжээнд хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Жил бүрийн 5-р сард Олон улсын сувилагчдын өдрийг улсын хэмжээнд тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ жилийн тухайд “Эх хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” сэдвийн дор тэмдэглэлээ. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд энэхүү баярын өдрөө “Чадварлаг сувилагч” сэдвийн дор ажил мэргэжил, спорт, урлагийн олон төрөлт тэмцээн уралдаанаар өрсөлдөж өнгөрүүллээ. Тэдний баяр дээр баяр нэмж, хөрш ОХУ-ын Буриад улсын Сүрьеэгийн диспансер, харъяа эмнэлгүүдийн хамт олон хүрэлцэн ирж урлагийн мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ мэргэжил нэгт нөхдөө дэмжин ажилласан нь онцлог болсон байна. Чадварлаг сувилагч”сэдвийн дор зохион байгуулагдсан энэ жилийн арга хэмжээнд бүс бүрийн төлөөлөл болсон нийт 8 багийн 100 орчим сувилагч тусгай мэргэжилтнүүд ажил мэргэжил, урлаг, спортын олон төрөлт тэмцээн уралдаануудад өөрсдийн авъяас чадвараа дайчлан өрсөлдлөө. Жилээс жилд чанаржиж, хүрээгээ тэлэн өргөжиж байгаа энэ тэмцээнд багуудын бэлтгэл сайн хангагдаснаас гадна тэдний өрсөлдөх чадвар улам илүү сайжирсныг энэ үеэр удирдлагын багийнхан онцлон тэмдэглэж байлаа. Тэмцээний дүн гарахад багийн нийлбэр дүнгээр аймгийн НЭ-ийн “Алтан дэнлүү баг ” тэргүүн байрт шалгарч шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнагдлаа. Харин удаах байрт Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн "Хараа" баг, Сайхан бүсийн “Энхийн элч”, Хараа бүсийн “Жавхаа” багууд тус тус шалгарч, шилдэг гэдгээ харууллаа. Дашрамд дуулгахад Сэлэнгэ аймгийн ЭМС-аас салбарын хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа ажил мэргэжлийн олон төрөлт тэмцээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг ийнхүү 2 дахь удаагаа мэргэжил нэгт нөхдөө хошуучлан шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ