“Эх хэлний хяналтын зөвлөл” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-11 08:55:02
Дархан-Уул / МОНЦАМЭ / Дархан-уул аймагт эх хэлний хэрэглээнд хяналт тавих зөвлөл байгуулахаар боллоо. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хүүхдийн Номын ордон хамтарч “Эх хэлний зөв хэрэглээ-Хотын соёл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн төгсөлд ийн шийджээ. Энэ сарын 10-ны өдөр болсон уг хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ, Иргэний танхим, Захирагчийн алба, болон Төв Номын сан, Захирагчийн алба, төрийн байгууллагуудын бичиг хэргийн ажилтнууд, боловсролын салбарын төлөөллүүд, Дархан сумын ЗДТГ, багуудын ИНХ, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэлийн компаниуд, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн оролцож эх хэлний зөв хэрэглээний талаар хэлэлцжээ. 
Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлэхдээ: “1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу Дархан хотыг аймаг болгож өөрчилсөн. Харин Дарханчууд бид үргэлж хотын эрх зүйг эргэн сэргээх тухай асуудлыг дэвшүүлсээр  УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дахин яригдаж эхэлсэн билээ. Хотын эрх зүй нь хотын соёлтой салшгүй холбоотой. Хотын иргэдийн соёл, эх хэлний зөв хэрэглээ, зөв харилцаанаас эхлэлтэй. Хотын статустай болох тухай асуудлын угтал болж бид эх хэлний зөв хэрэглээний тухай хэлэлцэж буй нь цаг үеэ олсон хэрэг юм” хэмээн онцлов.
Хэлэлцүүлгийн эхэнд “Хууль Эрх зүй-Эх хэлний зөв хэрэглээ”, “Орон нутагт эх хэлний зөв хэрэглээ”, “Хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл хийж санал солилцлоо. Аймгийн Төв Номын сангийн захирал Д.Цэрэндаваа: “Монгол хүн бүрийн төрөлх шинжийг илэрхийлэх цорын ганц хэрэгсэл болох эх хэлээ зөв хэрэглэж цэвэр ариун байдлын төлөө тэмцэх нь иргэн нэг бүрийн үүрэг байх ёстой. Гэтэл төрийн болон хувийн хэвшил, албан хэрэг хөтлөлт, газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг, мэдээлэл, товхимол, олон нийтэд зориулсан зар, албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамжид үг үсэг, утга найруулгын алдаа түгээмэл байна. Мөн интернет орчноос иргэд бүх төрлийн мэдээллийг авч өөрийн орон зайд хувь хүн бүр нийтлэгч болж буй нь нэг талаар орчин үетэй хөл нийлүүлэх боломж хэдий ч нөгөө талаар хэл бичгийн буруу хэвшлийг олон нийтэд бий болгож байна. Энэ нь өсвөр үеийнхэнд бичгийн болон харилцааны буруу дадлыг бий болгох сөрөг нөлөөтэй байгааг анхаарах ёстой” гэв. Эцэст нь аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат: "Зөв бичгийн хэрэглээний тухай хууль эрхзүйн акт манай улсад хангалттай бий. Харин хууль, дүрэм журмын хэрэгжилтэд бүх нийтээрээ анхаарал тавьж ажиллая. Төрийн байгууллагад бүх алдаа дутагдлыг тохож  ачаалал үүрүүлэхээсээ илүү эцэг эхчүүд хүүхдүүддээ ном уншуулж сургах нь үндэсний хэл соёлоо хамгаалж байгаа эхний алхам болно. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналыг үндэслэж нийгмийн бүх салбарт хэл бичгийн зөв хэрэглээг түгээж түүний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, засч залруулж заавар зөвлөгөө өгч ажиллах “Хяналтын зөвлөл” байгуулахыг дэмжиж байна” гэв. 
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ