Буддагийн төрсөн нутагт агаарын бохирдол асар өндөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-05-10 16:53:22
КАТМАНДУ. /BBC/. Балба улсад байдаг түүхэн дурсгалт газар болох бурхан Буддагийн төрсөн нутаг болох Лумбинид агаарын бохирдлын ноцтой аюул нүүрлэж байна гэж эрдэмтэд болон албаны хүмүүс анхааруулжээ.  
 
Тус улсын таван газарт байрлуулсан агаарын чанарын хяналтын станцын цуглуулсан хамгийн сүүлийн мэдээллээр Лумбини-гийн тусгай хамгаалалттай бүсэд бохирдлын түвшин маш өндөр гарсан байна. Учир нь, ариун дагшин энэ газрын эргэн тойронд үйлдвэржилт хурдацтай явагдаж байгаа аж. Гэтэл Лумбини-г дэлхийн аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэг болгох зорилтыг Балбын засгийн газар тавиад байгаа юм. Өнгөрсөн онд бурхан багшийн мэндэлсэн газрыг үзэхээр 1 сая жуулчид, мөргөлчид ирсэн байна.  

1 дүгээр сард нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ /PM2.5/ Балбын баруун өмнөд нутаг дахь Лумбинид шоо метр тутамд 173.035 микрограмм байгааг бүртгэсэн байна. Гэтэл зэргэлдээх Читван хотод энэ үзүүлэлт 113.32 байсан бол бохирдол ихтэй гэгддэг нийслэл Катманду хотод 109.82 байжээ. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон агаарын бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь шоо метр тутамд 25 микрограмм байдаг бол  Балбын засгийн газар үндэсний хэмжээнд 40 микрограмм гэж тогтоосон байна. 
Х.Сарнай

 

 
 

Холбоотой мэдээ