Ф.Могерини: Европын Холбоо энх тайванд тэмүүлсэн их гүрэн болж чадлаа

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2017-05-10 13:56:30
НҮБ./TASS/. Оршин тогтносон 60 жилийн хугацаандаа Европын Холбоо нь энх тайван, аюулгүй байдал, ардчилалд тэмүүлсэн их гүрэн болж чадлаа гэж тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд комиссар Федерика Могерини НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцон үг хэлэхдээ мэдэгдлээ.

“Бид Афганистанаас эхлээд Мьянмар улс хүртэлх дэлхийн өнцөг булан бүрт эвлэрлийн үйл явцыг дэмжиж, Украин зэрэг дорнын түншүүдээ идэвхтэй дэмжиж, Африк тивийн улс орнуудын эдийн засгийн хөгжилд тусламжийн гараа сунгаж байна” гэж хатагтай Ф.Могерини онцлон тэмдэглэжээ.

“60 жилийн дараа ЕХ-ны төгсгөл эхэлж, тус холбоо задран нурна гэж сүүлийн үед зарим хүмүүс ярих боллоо. Тийм ээ, британи нөхөд маань биднийг орхин явахаар шийдсэн нь гунигтай байна. Гэхдээ амьдрал үргэлжилсээр, Европын Холбоо оршин тогтносоор байгаа билээ. Их Британид өнгөрсөн онд бүх нийтийн санал асуулга болсны дараа бид хүчирхэг, нэгдэл нягтралтай байна гэдгээ амалсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Хатагтай Ф.Могерини НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын хуралдааны үеэр ЕХ-ны гадаад бодлого, тухайлбал, Сири болон Украины асуудлаар баримтлах байр сууриа тайлбарлажээ.
Х.Сарнай    
Холбоотой мэдээ