Европын Холбоо украинчуудад виз олгох нөхцлийг хөнгөвчилнө

Дэлхийд | Улс төр
bars@montsame.mn
2017-05-10 09:08:55
НҮБ./TASS/. Европын Холбооны /ЕХ/ удирдлага ойрын өдрүүдэд Украины иргэдэд олгох визийн нөхцлийг хөнгөвчилнө гэдгээ зарлах гэж байна. Энэ тухай ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хуралдаанд оролцон үг хэлэхдээ мэдэгдлээ.

“Бид дорно зүгийн түншүүдээ дэмжиж, тэдний эдийн засаг, төрийн байгууллагуудыг бэхжүүлж, тогтвортой болгохыг зорьдог, иймээс хэдхэн өдрийн дараа бид украин андуудтайгаа байгуулсан визийн нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн талаар зарлан мэдэгдэх болно” гэж тэрбээр хэлжээ.

12 дугаар сарын 18-нд Европын Комиссоос ЕХ-ны Зөвлөлд хандан, Гүрж, Украин болон өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Косово улсын иргэдэд олгох визийн нөхцлийг хөнгөвчлөх боломжийг судлахыг зөвлөсөн юм.

4 дүгээр сарын 26-нд ЕХ-ны гишүүн 28 орны төлөөлөгчид Украины иргэдэд олгох визийн нөхцлийг хялбаршуулах талаар хэлэлцэн тохирчээ. Энэ шийдвэрийг 5 дугаар сарын 11-нд ЕХ-ны Зөвлөл батлахаар хүлээгдэж байгаа юм. Үүний дараа уг шийдвэрийг ЕХ-ны албан ёсны цахим хуудсанд нийтлэх ба үүнээс 20 хоногийн дараа хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхлэх юм.

Украины иргэдэд олгох визийн нөхцлийг хөнгөвчилснөөр тус улсын иргэд ЕХ-ны гишүүн орнууд руу аялал жуулчлалын шугамаар 90 хүртэлх хоногийн хугацаагаар хагас жилд нэг удаа явах эрхтэй болно. Гэхдээ энэ хугацаанд Европт ажиллах болон суралцахыг зөвшөөрөхгүй ажээ.
О.Барс 

 

 

 

 

Холбоотой мэдээ