Эрүү, Зөрчлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-09 16:48:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдан, нэр томъёоны талаарх редакцийн саналыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгажээ. Түүнчлэн төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, саналын томъёоллуудыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэг үндэслэлээр хувь хүн болон хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалтын талаар асуулаа. 2015 онд батлагдсан, энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулиар хуулийн этгээдтэй бус тухайн албан тушаалыг гүйцэтгэж буй хувь хүнтэй хариуцлага тооцохоор зохицуулалттай байгаа нь ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцэхгүй хэмээн үзсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав.

Ийнхүү гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээс санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хүрээнд холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, нэр томъёог жигдлэх редакцийн шинжтэй засварыг тусгасан байна. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөл дэх торгуулийн зарим зүйл заалтыг тодруулав. Хуулийн төслийн тусгай ангид заасан хууль бусаар олсон орлогыг хураах тухай зохицуулалтууд нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй хуулиудад байгаа, хэлэлцэж буй төсөлд одоо мөрдөгдөж буй хувилбараар нь тусгасан болохыг Ажлын хэсэг тайлбарлав. Энэ тохиолдолд хууль ёсны орлогын талаар огт хөндөөгүй, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг хураахтай холбоотой зохицуулалт гэлээ. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан 1600 зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байгаа, үүний найм нь банктай холбоотой заалт хэмээн Ажлын хэсэг хариулт өгсөн юм. 

Мөн өдрийн хуралдаан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хэлэлцэж буй төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг 83.3 хувийн саналаар дэмжлээ. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ