Ялалтын парад Москвагийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-09 11:31:12
МОСКВА. /Sputnik/. Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсны 72 жилийн ойд зориулсан цэргийн парад Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.

Цэргийн парадад 10 001 цэрэг, 144  нэгж байлдааны техник,  72 нисэх онгоц оролцох юм.

Энэхүү арга хэмжээ нь явган цэргийн жагсаал, байлдааны машин техникийн цуваа болон нисдэг тэрэг, нисэх онгоцнуудын үзүүлбэр гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ.

Энэ оны парадад 2016 оныхоос хоёр дахин олон буюу 210 эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

Шинээр зохион бүтээсэн “Тор-M2DT” ойрын тусгалтай зенитийн пуужингийн систем болон “Панцирь-С.А” газар-агаар ангиллын пуужингийн системийг цэргийн сүрт жагсаалын үеэр танилцуулна. Энэ хоёр системийг Арктикт ажиллагаа явуулахад зориулан зохион бүтээжээ.

Агаарын үзүүлэх тоглолтод “Сухой Су-30 СМ” сөнөөгч нисэх онгоцууд оролцоно. Ийм загварын онгоцуудыг олон нийтэд анх удаагаа танилцуулах гэж байгаа нь энэ юм.

Мөн “Т-72” байлдааны танкийн шинэчилсэн хувилбар болох “T-72B3M” танкийг парадад анх удаагаа оролцуулах гэж байна. 2016 онд захиалгаар хийсэн энэ танкны хамгаалалтыг сайжруулж, хөдөлгүүрийг нь илүү хүчтэй болгожээ.

Оройны 10:00 цагт Улаан талбайд Ялалтын баярт зориулсан салют буудах ёслол болно. Оросын бусад хотод ч цэргийн парад болох юм.
Г.Доржханд
 




Холбоотой мэдээ