“Замын хөдөлгөөний цагаан толгой 2017” тэмцээн 5 дахь жилдээ болов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-08 17:56:53
Архангай /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүдийн дунд зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой 2017” тэмцээн боллоо. Тэмцээн 5 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд аймгийн төвийн 9 цэцэрлэгийн 9 баг оролцож, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ өрсөлдсөн юм.
 

Тэмцээн нь жил бүр явагдаж цэцэрлэгийн багш хүүхдүүдийн хүсэн хүлээдэг тэмцээнүүдийг нэг болсон бөгөөд бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж замын хөдөлгөөнд оролцох дадал соёлд сургах, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нарын замын хөдөлгөөний дүрмийн  тухай заах арга зүйн түвшинг дээшлүүлэхэд ач холбогдлоо өгдөг байна.

“Замын хөдөлгөөний цагаан толгой 2017” тэмцээн нь замын хөдөлгөөний дүрмийн агуулгыг харуулсан мэндчилгээ, танилцуулах урлагийн тоглолт, жүжигчилсэн тоглолт, буухиа тэмцээн, багийн ахлагч нарын гэсэн төрлүүдээр болж 1-р байранд хүүхдийн 1-р цэцэрлэг, 2-р байрт 2-р цэцэрлэг, 3-р байрт 8-р цэцэрлэг тус тус оржээ.

Тэмцээнийг зохион байгуулах нь зөвхөн бага насны хүүхдийн замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлээд зогсохгүй, тэдний эцэг эхчүүдэд ч мэдлэг болж хүрдэг байна. Энэ жил тэмцээний удирдамжийг 19 сумын хүүхдийн цэцэрлэгүүдэд хүргэсэн ч сумдаас нэг ч цэцэрлэг оролцоогүй байна. 


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ