Ц.Мөнх-Оргил: Монгол Улс Вьетнамд 200 тонн ямааны мах нийлүүлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-08 12:17:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхинийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчалын талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийв.

Дэд ерөнхийлөгчийн хамт Вьетнамын тэргүүлэх 20 гаруй бизнес эрхлэгч хүрэлцэн ирсэн байна. Маргааш буюу энэ сарын 09-нд хоёр орны бизнес форум болох бөгөөд хамтран ажиллах боломж нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааг хэлэлцэх юм хэмээн Ц.Мөнх-Оргил сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр гурван гол асуудлыг хөндөж ярилцлаа. Нэгдүгээрт, хоёр орны улс төр, батлан хамгааах болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх. Вьетнам улс 95 сая хүн амтай. Хүн амын тоогоор дэлхийд 14 дүгээр байрт жагсдаг том улс. Тиймдээ ч 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Вьетнам бол Монгол Улсын Зүүн өмнөд Азийн гол хөрш байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Вьетнамын эдийн засаг хурдацтай өсч байгаа. Тэр хэмжээгээр бүс нутагт Вьетнамын нөлөөлөл нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд Вьетнам АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганыг даргалж байгаа. Монгол Улсыг АПЕК-тай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Вьетнамыг дэмжих хүсэлт тавьж байгаа.

Хоёрдугаарт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх асуудал. Манайх Вьетнамтай жилд ердөө 45 сая ам.долларын худалдаа хийдэг. Энэ оны дөрөвдүгээр сард хоёр орны хооронд Мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Вьетнамд нийлүүлэх суурь тавигдсан. Вьетнам нь халуун орон тул Монголоос сэрүүн чанарын буюу ямааны мах авах сонирхол ихтэй байдаг. Энэ онд Монголын таван компани туршилтын журмаар 20 тонн ямааны мах Вьетнамд нийлүүлнэ. Туршилт амжилттай болвол 200 гаруй тоннд хүргэх боломжтой. Харин Монгол Улс гүн хөлдөөсөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн авах талаар судалж байгаа.

Гуравдугаарт, Аялал жуулчлал, оюутан солилцоог хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар Монголын 60 гаруй оюутан Вьетнамд сурч байгаа бол Вьетнамын 30 гаруй оюутан Монголд байна.Хэлэлцээний үеэр оюутнуудад өгч буй тэтгэлгийн хэмжээг нэмэх нь зөв гэсэн тохиролцоонд хүрлээ” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ