Хятадад “супер микроскоп” зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-08 11:30:14
БЭЭЖИН./TASS/. Хятадын эрдэмтэд “супер микроскоп” хэмээн нэрлэгддэг хоёрдогч нейтроны эх үүсвэрийг /CSNS/ зохион бүтээх төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Энэ тухай “Global Times” сонин Хятадын ШУА-ийн эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

“CSNS-ийг зохион бүтээгчид ирэх намар нейтроны анхны багц буюу субатомын бөөмсийн урсгалыг гаргах гэж байгаа юм. “Супер микроскоп”-ыг 2018 оны 3 дугаар сараас ашиглаж эхлэх болов уу” хэмээн CSNS төслийн удирдагч, академич Чэнь Хэшэн “We Chat” нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.

Түүний хэлснээр, Хятад улс ойрын хугацаанд атомыг задлах замаар нейтрон цацруулах төхөөрөмж буюу хамгийн жижиг өчүүхэн зүйлийг судлан шинжлэх боломжийг олгодог өөрийн гэсэн тоног төхөөрөмжийг бүтээж чадсан дэлхийн /Их Британи, АНУ, Японы дараа/ дөрөвдөгч орон болох гэж байгаа аж. Тухайлбал, “супер микроскоп”-ын тусламжтайгаар эрдэмтэд ДНХ, талст материал, полимержуулсан субстанцийн бүтцийг нарийвчлан судалж чадах юм.

CSNS-ийг зохион бүтээх ажил 2014 оны 10 дугаар сард эхэлжээ. “Супер микроскоп” Гуандун мужийн Дунгуань хотод байдаг бөгөөд түүнийг зохион бүтээх төсөлд Хятад улсын төсвөөс 2,2 тэрбум юань /319 сая доллар/ гаргасан байна.
О.Барс

 

 

 


Холбоотой мэдээ