Ази-Номхон далайд цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхэд АНУ 7,5 тэрбум доллар зарцуулна

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2017-05-08 10:17:33
НЬЮ-ЙОРК./TASS/. Ази-Номхон далайн бүс нутаг дахь Америкийн цэргийн оролцоог өргөжүүлэхийн тулд ирэх таван жилийн хугацаанд 7,5 тэрбум доллар зарцуулах тухай төлөвлөгөөг АНУ-ын Батлан хамгаалах яам дэмжлээ. Энэ тухай Wall Street Journal сонины нийтлэлд дурдсан байна.

Төлөвлөгөөнд тусгаснаар, дээрх мөнгийг цэргийн дэд бүтцийг шинэчлэх, цэргийн сургуулилтуудын тоог нэмэгдүүлэх, цэргийн бие бүрэлдэхүүн, хөлөг онгоцуудыг байрлуулахад зарцуулах аж. Wall Street Journal сонинд дүгнэн бичсэнээр, энэхүү арга хэмжээ нь Солонгосын хойгт түгшүүртэй байдал даамжирч байгаа энэ үед Вашингтон тус бүс нутгийг сонирхож байгаа гэдгээ дахин харуулж буй хэрэг юм.

Дээрх төлөвлөгөөг Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенач Жон Маккейн анх санаачилсан бөгөөд түүнийг бусад хууль тогтоогчид болон Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис, АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн Харри Харрис нар дэмжсэн байна.

Дашрамд дурдахад, долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны 9 дүгээр 30-ныг хүртэлх хугацаанд Холбооны засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуульд  гарын үсэг зурсан билээ. Ингэснээр энэ санхүүгийн жилийн үлдсэн хугацааны төсөв 1,1 их наяд доллароор батлагдсан ба үүнээс 598,5 тэрбум долларыг батлан хамгаалах салбарт зарцуулах аж.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ