Францчууд өнөөдөр дараагийн ерөнхийлөгчөө сонгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-07 13:27:32
ПАРИС. /Reuters/. Францын ерөнхийлөгчийн сонгуулийн II шат өнөөдөр орон нутгийн цагаар 08:00 -19:00 цагт болно. Нэгдүгээр шатны сонгуульд өрсөлдсөн 11 нэр дэвшигч дундаас тунаж үлдсэн Эммануэль Макрон, Марин Ле Пен нарын аль нэг нь тус улсын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох юм.

Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, төвийг сахих үзэлт Э.Макронд сонгогчдын 63 хувь нь саналаа өгөх магадлал өндөр байна. Харин түүний өрсөлдөгч болох хэт барууны үзэлт Марин Ле Пенийг сонгогчдын 37 хувь нь дэмжиж байна.

Энэ сонгуулийн дүн Европын Холбооны /ЕХ/ ирээдүйд нөлөөлнө.

Нэр дэвшигч Э.Макрон ЕХ-той харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаа бол Ле Пен ерөнхийлөгчөөр сонгогдвол Францыг ЕХ-ноос гаргах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм.

Эдийн засаг, аюулгүй байдал, цагаачлал, Франц ба ЕХ-ны харилцаа зэрэг асуудал сонгуулийн кампанит ажлын гол сэдэв байлаа.

Франц улсад хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь ажилгүйдэл болоод байна. Ажилгүй хүмүүсийн тоо 10 хувьтай байгаа нь ЕХ-ны гишүүн 28 улс орны дундаас ажилгүйдлийн түвшнээр наймдугаарт орж буй үзүүлэлт юм. Тус улсын 25-аас доош насны дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй байна.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш Францын эдийн засаг аажмаар сэргэсээр байгаа хэдий ч хоёр нэр дэвшигчийн аль аль нь “эдийн засгийн  өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй” гэж үзэж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон, Их Британи ЕХ-ноос гарахаар шийдсэн зэрэг дотогшоогоо чиглэсэн үйл явдлууд ар араасаа болсоор байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг Францын ерөнхийлөгчийн сонгуулийг нухацтай ажиглаж байна.

Г.Доржханд


 
Холбоотой мэдээ