Уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-06 19:40:22
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн ЗДТГ ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын талаар 2020 он хүртэл баримталж ажиллах бодлогыг танилцуулж, аймаг, сум, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж сайжруулах зорилгыг энэ удаагийн зөвлөлдөх уулзалт агуулсан юм.  
Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт ашиг малтмал хайгуулын 150, 11 сумын нутаг дэвсгэрт ашиглалтын 80 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд эдгээрийн нийт талбайн хэмжээ 1053.4 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 14.1 хувийг эзэлж байна. Нийт 230 тусгай зөвшөөрлийг 180 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд үүний 40 Дундговь аймгийн Татварын хэлтэст бүртгүүлсэн байдаг ажээ. Гэхдээ одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн аж ахуйн нэгж байна.
Тус аймгийн нутаг дэвсгэрт шатдаг занар, нүүрс, жонш, уран, төмрийн хүдэр, гөлтгөнө, алт гээд 33 нэр төрлийн ашигт малтмалын 153 орд илэрц судлагдсан байдаг. Эдгээрийн дотор урт хугацаанд тогтвортой ашиглагдах боломжтой томоохон нөөцүүд бий бөгөөд тэдгээрийг түшиглэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг дэмжин хөгжүүлэх нь аймгийн бодлого болж байгаа гэдгийг зөвлөлдөх уулзалтын үеэр аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ хэлсэн. Мал аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, уул уурхай бол тус аймгийн түшиж хөгжих гол салбарууд. Санхүүгийн хувьд бие дааж, иргэдээ ажилтай орлоготой болгоход ялангуяа уул уурхайн салбар гол түлхэц болно гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Зөвлөлдөх уулзалтын үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, БОАЖ- ын газар, ХХҮГ- аас мэдээлэл өгч, тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад цаашид юун дээр анхаарал хандуулах хэрэгтэй вэ гэдгийг тодотгон хэлсэн. Тухайлбал, эвдэрсэн газрыг стандартын дагуу нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгдөггүй, уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөж ажилладаггүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хэрэгжүүлэх ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй зэргээр хяналт шалгалт хийх бүрт илэрдэг нийтлэг хэд хэдэн зөрчил дутагдал байдгийг засч,  мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт төдийлөн сайн хангагдахгүй байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулахдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн  нөлөөлөлд өртөх нутгийн иргэдээс албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг хийх, тухайн жилдээ аймгийн БОАЖ-ын газраас ус ашиглуулах дүгнэлт гаргуулж байж ус ашиглах гэрээ байгуулах зэргээр үйл ажиллагаандаа анхаарах зүйлс цөөнгүй байгааг сануулсан юм.
2002- 2013 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/АМНАТ/- ын 10 хувь болж сумын орлогод 437 сая 560 гаруй мянга, 20 хувь болж аймгийн орлогод 991 сая 690 гаруй мянган төгрөгийн орлого тус тус төвлөрсөн байна. Энэ нь орон нутгийн орлогын 6.5 хувийг эзэлж байсан. Харин  2014 оноос эхлэн АМНАТ- ын орлого улсын төсөвт 100 хувь төвлөрдөг болсон бөгөөд  2017 он гарсаар 322 сая төгрөгийн орлого улсын төсөвт орсон гэдэг мэдээллийг аймгийн Татварын хэлтэс өгсөн. Одоогоор АМНАТ- ын татварын өртэй 12 аж ахуйн нэгж байгаа гэлээ.
Хөдөлмөр эрхлэлтийн хувьд ажлын байр нэмэгдэх боломжтой салбар бол уул уурхай гэж орон нутгийн зүгээс үзэж байна. Одоогоор Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь мэргэжлийн хувьд уул уурхайн үйлдвэрлэлд ажиллах боломжтой байна. Цаашид томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд ажиллах хүчнийхээ 60 –аас доошгүй хувийг орон нутгаас авах саналыг ч хамтран ажиллах гэрээний төсөлд оруулжээ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн зөвлөлдөх уулзалтад оролцогчдын хувьд уул уурхайгаас тухайн орон нутгийн ард иргэд ашиг хүртэх ёстой гэдэгт санал бүрэн нэгдэж байна. Ингэхдээ ямар хэлбэрээр ашиг хүртэж болох вэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд бол тухайн сум орон нутгийн бүтээн байгуулалт, нийгмийн асуудлуудыг шийдэхэд хандив туслалцаа үзүүлж, хөрөнгө оруулалт хийдэг. Ажлын байрны хувьд, орон нутгийн иргэдийг авч ажиллуулах нь илүү сайн сонголт байдаг ч харамсалтай нь тэд ажил цалгардуулж, бүтээмж муутай ажилладаг нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг уул уурхайхны хувьд багагүй хүндрэл учруулдаг гэдгийг хэлсэн юм. Тиймээс хамтран ажиллах гэрээнд ажиллах хүчний тоог тодорхой зааж тусгахгүй байх саналтайгаа илэрхийлж байсан.
Энэ мэтээр хоёр тал харилцан мэдээлэл солилцсон бөгөөд  цаашид хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо.
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ