Д.Трамп, В.Путин нар Сирийн дайныг зогсоохын тулд дипломат хүчин чармайлтаа идэвхжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-03 09:06:13
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр буюу мягмар гарагт утсаар ярилаа. Өнгөрсөн сард Сирийн арми химийн зэвсэг ашиглан дайралт хийсний улмаас энгийн номхон олон иргэн амь үрэгдсэний хариуд АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн агаарын цэргийн баазад пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Вашингтоныг Москва буруушааснаас хойш хоёр орны төрийн тэргүүн нар анх удаагаа утсаар ярьсан нь энэ юм.

Хоёр орны удирдагчид өчигдөр Сирийн иргэний дайн болон Солонгосын хойгийн байдлыг онцгойлон авч хэлэлцжээ.

Цагаан ордон болон Кремлийн ордны аль аль нь “хоёр улсын удирдагчид маш ажил хэрэгч хэлэлцээ хийсэн” гэж мэдэгдлээ.

Зургаан жилийн турш иргэний дайнд нэрвэгдэж буй Сирид гал зогсоох асуудлаарх хэлэлцээг эрчимжүүлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарт үүрэг болгохоор Д.Трамп, В.Путин нар тохиролцжээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Сирийн ард түмэн дайн байлдааны улмаас маш удаан хугацаанд зовж шаналж байна. Иргэний дайныг зогсоохын тулд холбогдох бүх тал чадах бүхнээ хийх хэрэгтэй гэж хоёр улсын удирдагчид үзэж байна” гэжээ.

Гал зогсоох


Ойрхи Дорнодын Сири улсад гал зогсоохыг В.Путин эрмэлзэж байна. Лхагва гарагт буюу өнөөдөр Казахстаны нийслэл Астана хотноо эхлэх Сирийн асуудлаарх уулзалтын үеэр гал зогсоох асуудлыг голлон авч хэлэлцэнэ.

ОХУ-ын санаачилсан уг уулзалтад АНУ, Турк болон Ираны төлөөлөгчид оролцох ажээ.

Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед ОХУ болон АНУ хамтран Сирийн асуудлаар нэг бус удаа хэлэлцээ хийж байсан боловч үр дүнд хүрч байгаагүй юм.

Хүмүүнлэгийн болон бусад шалтгаанаар гал зогсоож, гал зогсоох хугацааг аль болох удаан үргэлжлүүлэхийн тулд аюулгүй бүсүүд байгуулах асуудлыг өчигдөр хоёр улсын удирдагчид мөн хэлэлцжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш АНУ болон ОХУ-ын удирдагчид гурав дахь удаагаа утсаар ярилаа. Энэ оны нэгдүгээр сард Д.Трамп тангараг өргөснөөс нэг долоо хоногийн дараа болон өнгөрсөн сард Санкт-Петербург хотын метронд террорист халдлага болсны дараа тэд утсаар ярьсан юм.
 
Уулзалт

Германы Гамбург хотод долдугаар сарын эхээр болох “Их-20” бүлгийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп, В.Путин нар уулзаж, Сирид гал зогсоох асуудлаар хэлэлцээ хийж магадгүй гэж Цагаан ордон болон Кремлийн ордны албаны хүмүүс мэдэгдлээ.

Терроризмтой тэмцэхийн тулд В.Путинтай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр илэрхийлж байсан юм. Гэвч өнгөрсөн сард тэрбээр “АНУ-ОХУ-ын харилцаа урьд өмнө байгаагүйгээр муудаж магадгүй” гэж хэлсэн билээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон, Д.Трампын сонгуулийн штабынхан Оросын талтай нэг бус удаа холбоо барьсан гэх мэдээллийг Холбооны мөрдөх товчоо болон Конгрессын ажлын хэсэг мөрдөн шалгасаар байна.

В.Путин өчигдөр Сочи хотноо Германы Канцлер Ангела Меркельтэй уулзах үеэрээ дээрх мэдээллүүдийг “хий хоосон цуурхал” гэжээ.


Тэрбээр хэлэхдээ “бид бусад улс орны улс төрийн амьдрал, улс төрийн үйл явцад хэзээ ч оролцож байгаагүй. Манай улсын улс төрийн амьдрал, гадаад бодлогод хэн нэгэн хөндлөнгөөс оролцохыг ч бид хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Орос дахь хүний эрхийн асуудал, Сирийн байдал, Украины хямрал, Орос-Германы харилцаа болон Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ зэрэг асуудлыг Герман болон ОХУ-ын удирдагчид өчигдөр болсон уулзалтын үеэр хэлэлцсэн байна.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ