Хөнгөн үйлдвэрийн паркийн дэд бүтцийг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 18:16:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн мэдээллийг сонсов.
 
Улаанбаатарт хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс гүн боловсруулалт хийдэг 24 үйлдвэр, хагас боловсруулдаг 10 үйлдвэр байгааг П.Сэргэлэн сайд мэдээллийнхээ эхэнд дурьдлаа.
 
Тэрбээр, “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутгийн зааг буюу Эмээлт орчимд 50 га газарт Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих ТЭЗҮ, зураг төсөл, төсвийг 2012 онд хийсэн. Энэ талаар 2012 оны 10 сард Ерөнхий сайдад танилцуулахад арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах байршлыг дахин судалж тогтоох үүрэг өгсөн юм. Үүний дагуу Арьс ширний үйлдвэрийн цогцолбрыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэх болсон. Орон нутгийн иргэд боолон аж ахуйн нэгжүүд Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулах асуудлыг эсэргүүцсэн. Тиймээс дахин судалж үзээд анх товлосон газар буюу Эмээлтэд байгуулах болсон. ХХААХҮЯ-наас Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн дэд бүтцийг байгаалах тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг судлан Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус паркийн дэд бүтцийг бүтээн байгуулсан нөхцөлд НДЗДТГ-аас арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлнэ” гэлээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, М.Билэгт гишүүн, Хөнгөн үйлдвэрлэлийн парк байгуулахад 2012-2016 онд хоёр тэрбум төгрөг зарцуулсан байна. Үр дүн нь хэрхэн гарсан бэ” хэмээн тодруулав.
 
НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, “2.6 тэрбум төгрөгийг аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ, цахилгаан, техник технологи зэрэг 12 ажилд зарцуулсан” хэмээв. Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, “Бидэнд тулгамдаж буй олон асуудал байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийг Эмээлт рүү нүүлгэхэд цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардлагатай” хэмээв.
Арьс шир боловсруулагч аж ахуйн нэгжүүд өөрсдөө зардлаа гаргаад нүүхэд бэлэн байгааг “Арьс ширний үйлдвэрүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэллээ. Аж ахуйн нэгжүүдийг нүүлгэхээс өмнө Хөнгөн үйлдвэрийн паркийн дэд бүтцийн асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Ийнхүү байнгын хорооноос 74 дүгээр тогтоолын биелэлтийг хангуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах боллоо.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ