Индонезийн иргэн "146 насандаа" өөд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-02 10:43:58
ЖАКАРТА. /ВВС/. 146 настай буюу хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт насалж буй хүн гэгдэж байсан индонез өвгөн Содимеджо /Гото өвөө гэж нутагтаа алдаршсан/ Төв Ява муж дахь тосгондоо өөд болжээ.

Бичиг баримтаас нь үзвэл, Гото өвөө 1870 оны 12 дугаар сард төрсөн байна.

Харин Индонез улсад 1900 оноос  төрсний гэрчилгээ олгож эхэлжээ.

Тиймээс үүнээс өмнө төрсөн хүмүүсийг иргэний бүртгэлд хамруулахад алдаа гарсан байж магадгүй юм.

Харин албаны хүмүүс хэлэхдээ “өөрийнх нь өгсөн мэдээлэл, өөртэй нь хийсэн ярилцлагад үндэслэн олгосон учир түүний бичиг баримтыг хүчинтэйд тооцож байна” гэжээ.

Биеийн байдал нь муудсанаар түүнийг өнгөрсөн сарын 12-нд эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр зургаан хоног эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан гэнэ.

Түүний ач хүү ярихдаа “өвөө маань эмнэлгээс гарсныхаа дараа ердөө нэг халбага будааны зутан, жаахан шингэн юм ууж байсан. Энэ байдал хоёрхон хоног үргэлжилсэн. Нас барахаасаа өмнө юу ч идэж, ууж чадахгүй болсон” гэв.

Тэвчээр ба хайр

Өнгөрсөн онд ВВС телевизийн сэтгүүлч Гото өвөөгөөс ярилцлага авах үеэрээ урт насалж байгаагийн нууцыг нь асуухад тэрбээр “тэвчээр ба хайр. Урт наслахад тэвчээр их чухал. Мөн хайр. Хүмүүс намайг асарч, хайрлаж байгаа учраас би урт насалж байна” гэж байжээ.


Дөрвөн эхнэр, 10 ах дүү болон бүх хүүхэд нь насаараа тамхи татсан Гото өвөөгөөс өмнө нас барсан байна.

Япон ба Голландын колоничлогчдын эсрэг дайны талаар гайхалтай түүхүүдийг ярьж өгдөг байсан түүнийг тосгоных нь оршин суугчид баатар мэт хүндэлдэг байжээ.

Түүнийг хэдэн жилийн өмнө худалдаж авсан оршуулгын газарт нь даваа гарагийн өглөө оршуулсан гэж ач хүү нь ярив.

Хэрвээ Гото өвөөгийн бичиг баримтыг тусгайлан шалгаж, үнэхээр 146 насалсан нь тогтоогдвол тэрбээр “хамгийн урт насалсан хүн” гэж түүхэнд бичигдэнэ. Одоогоор Францын иргэн Жанна Кальманыг "дэлхийн түүхэнд хамгийн урт насалсан хүн" гэж байгаа  юм. Тэрбээр 1997 онд 122 насандаа өөд болжээ.

Г.Доржханд
 
Холбоотой мэдээ