Ардын жүжигчин Г.Хайдавын амьдралаар кино бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-26 17:14:02

Монголын урлагийн салбарт хүчин зүтгэж яваа авьяастнууд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдавын амьдрал, уран бүтээлээр кино хийхээр болжээ.

Эдүгээ 90 хол гарсан ч ухаан санаа саруул, эрүүл энх амьдарч яваа тэрбээр бараг нэгэн зууны түүхийг бүтээлцэж буй гавьяатан билээ.

Гонгорын Хайдав нь 1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн, Монголын анхны дуурийн дуучдын нэг юм. Уянга цээл /тенор/ хоолойтой бөгөөд Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриудыг дуулсан. Тэрээр Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь.

1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллажээ. Сайн дурын уран сайханч болж, 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгдсэн байна.

Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ. Монголын шинэ үеийн дууны урлагийн “Загалмайлсан эцэг” хэмээгддэг тэрбээр өнөөгийн СУИС-ийг байгуулах ажлыг санаачилж, 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Тухайн үед Г.Хайдав Дуурийн театрт ажиллаж байжээ. Анги танхим байхгүй тул цонхны тавцан дээр хичээлээ эхэлсэн байна.

Түүний анхны шавь Ардын жүжигчин Ж Д.Жаргалсайхан, 16 настайдаа түүнд шавь оржээ. Мөн МУГЖ У.Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан нар түүний гарын шавь нар юм. Хүү Х.Төмөрбаатар нь Монголын эстрадын суурийг тавьсан анхдагч нарын нэг билээ. Ардын жүжигчин Л.Хайдавын урын санд 700 гаруй дуу бий аж. Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхшруулж байсан тэр цагаас өнөөдрийг хүртэл алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулсаар явна.

Ж.Болор

Холбоотой мэдээ