Швейцарийн домогт уулчин Эверестийн ойролцоо амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-05-01 13:37:39
КАТМАНДУ. /ВВС/. Гималайн нурууны ноён оргил болох Эверестэд авирахаар бэлтгэж байсан Швейцарийн уулчин Уели Стэк өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд амиа алдсан тухай Балбын Аялал жуулчлалын газар мэдэгдлээ.

“Швейцарь машин” хочит Стэк нь шинэ маршрутаар Эверестэд хүчилтөрөгчгүйгээр авирах бэлтгэл хийж байгаад осолдон амиа алджээ.

40 настай тэрбээр ууланд авиралтын төрлөөр олон шагнал хүртэж байсан бөгөөд өндөр оргилуудад хурдан авирдаг гэдгээрээ алдартай нэгэн байсан юм.

Түүний цогцсыг Эвересттэй зэргэлдээ орших Нупце уулын баазын ойролцоогоос олсон байна.

“Нупце уулын хавцал руу Стэк хөл алдан унаснаар амиа алдсан” гэж Балбын уулчдын холбооны тэргүүн мэдэгдэв.

Уели Стэк нь “Баруун хяр” гэдэг шинэ замаар Эверестэд авирахаар бэлтгэл хийж байжээ. Энэ нь үхэл дагуулсан аюултай зам юм.
Г.Доржханд



 
Холбоотой мэдээ