Бат-Өлзий суманд бяслаг үйлдвэрлэх туршилт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-29 22:29:43
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймаг Франц улсын Аллиер мужтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад 15 жил болж байна. Энэ хугацаанд тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлж, аймгийн хөгжил, дэвшилд томоохон хувь нэмрээ оруулаад байгаа юм. Жилээс жилд өргөжиж буй уг харилцаа энэ удаад хөдөө аж ахуйн салбарт үргэлжилнэ.
2005 онд Франц улсын Аллиер мужаас мэргэжилтэн Андрей, Николай нар Хархорин суманд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үр сорт нутагшуулах чиглэлээр ажиллаж байсан бол 2016 оны 11 дүгээр сард аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржоор ахлуулсан эрүүл мэнд, хөдөө аж ахуй, нийтийн хоол, аялал жуулчлал, залуучуудын салбарын төлөөлөл тус мужид айлчилж, 2017 онд хамтран ажиллах чиглэлээр тохиролцоод ирсэн. 
Уг айлчлалын яриа хэлэлцээр хөдөө аж ахуйн салбарт биеллээ олж, Хархорин суманд 1 га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо, малын тэжээл тарих, тариалангийн талбайг хашаажуулахад загвар болохуйц ногоон хэрэм бий болгох ажлыг эхлүүлэхээр болоод байна.
Франц улсын Аллиер мужийн Тулуз хотын Хөдөө аж ахуйн үндэсний дээд сургуулийн механик, инженерийн ангийн оюутан Нина Жерон Хархорин суманд ажиллахаар хүрэлцэн ирснийг 4 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батцэнгэл болон Хархорин сумын удирдлагууд угтан авлаа. 
Тэрбээр тус суманд 4 дүгээр сарын 23-аас 9 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд  ажиллаж, судалгаа, туршилт хийн арга зүйн дэмжлэг үзүүлэх ба Бат-Өлзий суманд бяслаг үйлдвэрлэлийн туршилт явуулж, нутгийн эмэгтэйчүүдэд бяслаг хийх европ аргыг зааж өгөх ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ