Өвөрхангай аймагт "Соёлыг үйлдвэрлэл" дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-29 22:26:54
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймагт “Соёлын үйлдвэрлэл” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан батлаад байна.
Үндэсний болон орон нутгийнхаа арвин баялаг, өв уламжлал, ёс заншил, соёлын онцлог, байгалийн өвөрмөц дүр төрхийг сэргээн хамгаалах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон нийтэд таниулах, сурталчлах, өөрийн нөөц бололцоонд тулгуурлан соёлын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа учир “Соёлын үйлдвэрлэл” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Соёлын үйлдвэрлэлийг дүрслэх урлаг, тайзны уран бүтээл, соёлын өв уламжлал, зан заншил, аялал жуулчлал гэх чиглэлд 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн ажилтнуудыг чадавхижуулах, Урчуудын эвлэлийн үйл ажиллагааг дэмжих, “Торгоны зам-Хархорин” эвент арга хэмжээний төслийг хэрэгжүүлэх зорилтыг тавьсан байна.
Мөн Бүрд суманд монгол адууны соёл, уламжлалыг хөгжүүлэх, Богд суманд тэмээний баярыг хэвшүүлэх, Бат-Өлзий суманд сарлагийн поло арга хэмжээг өргөжүүлж, Улаан цутгалант хүрхрээний дэргэд задгай тайзтай болох, Баян-Өндөр суманд шагайн наадгайн соёл, хүүхдийн жүжгийг хөгжүүлэх өвлүүлэн уламжлуулах, Тарагт суманд Орон нутаг судлах танхимыг мэдээллийн төв болгох, Нарийнтээл суманд “Бурхадын шуранхайтай нутаг” дууны уралдааныг зохион байгуулахаар дэд хөтөлбөрт тусгажээ.
Мөн Уянга суманд эрээн модон бүтээгдэхүүнийг сурталчлах, өвлөн уламжлагчдыг дэмжих, Өлзийт суманд “Аравдах” монгол наадгайг уламжлуулан авч үлдэх, Дөмөн дулмаагийн нэрэмжит уртын дууны уралдаан зохион байгуулах, Баруунбаян-Улаан суманд Сайн ноён хошууны дууч, хуурч Янгивын нэрэмжит морин хуурчдын бүсийн уралдааныг зохион байгуулах, Баянгол суманд Домогт ардын дууны наадмыг зохион байгуулах, Есөнзүйл сманд уран уншлагын наадмыг хэвшүүлэх, Сант суманд “Хослон дуулахын жаргал” хос дууны уралдаан, Гучин-Ус суманд Д.Галсанбатын нэрэмжит “Эстрадын дуучдын уралдаан”-ыг зохион байгуулж, хүүхдийн мюзикл жүжгийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна. Харин Зүүнбаян-Улаан суманд спорт бүжгийг хөгжүүлэх, Хужирт суманд МУУГЗ Бямбабаярын нэрэмжит аймгийн нийтийн дууны уралдаан, Хужирт сумаас төрж гарсан зохиолч, яруу найрагчдын чуулганыг зохион байгуулах, Арвайхээр суманд жил бүрийн 6 сарын 1-нд “Номын үзэсгэлэн худалдаа, ном солилцоо, ном сурталчлах, гэрэл зураг сонирхогчдын өдөрлөг”-ийг зохион байгуулах гэхчлэн сум бүрт соёлын үйл ажиллагааг явуулах ажээ.
Аймгийн БСУГ-ын Соёл урлагийн хэлтсээс “Соёлын үйлдвэрлэл” аймгийн дэд хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 509 дугаар тогтоолоор баталсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрт үндэслэн боловсруулсан байна. 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ