10 сумын сургуулийг олон нийтийн оролцоотой хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-29 21:57:48
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр 2015-2019 онд “Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд 2016 оны 11 сараас эхлэн 10 аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт дэд төсөл хэрэгжүүлэхээр сонгосоны дотор манай аймаг орсон юм.
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Нарийнтээл,  Хайрхандулаан,  Тарагт сумдын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж эхлээд байна.  Төслийн хүрээнд сум орон нутгийн олон талын төлөөллөөс бүрдсэн баг байгуулагдаж, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс боловсруулсан аргачлалын дагуу сургуулийнхаа үйлчилгээ, түншлэгч байгууллага, эцэг эхчүүдийн оролцоо, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд чанарын үнэлгээ хийн нэн түрүүнд шийдэх, тулгамдаж буй асуудлаа нарийвчлан тодорхойлж, үр дүнтэй шийдэх “сайн загвар”-ыг боловсруулан хэрэгжүүлэх аж. Ингэснээр сургуулийн аливаа мэдээллүүд нээлттэй, ил тод, эцэг эхчүүдийн санал хүсэлт, дэмжлэг, оролцоо, хамтын ажиллагаа, хяналт сайжирна хэмээн үзэж байна.
Энэхүү үр дүнд хүрэхийн тулд сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, сургуулийн хүрээн дэх мэдээллийг нээлттэй, ил тод, эргэх холбоотой болгох, сургуулийн орчин, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сургуулийн нөөц болон эх үүсвэрийн зарцуулалт, худалдан авалтад олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, эцэг эх, бусад байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах юм байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ