БНХАУ ахуйн хогны асуудалдаа онцгой анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-04-27 11:10:16
БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооноос "Ахуйн хэрэглээний хог ялгах журмын" хэрэгжилттэй холбоотой төсөл боловсруулжээ.
Төслийн гол зорилго нь БНХАУ-ын 46 хотод ахуйн хэрэглээний хогийн ялгах ажлыг чангатгаж, 2020 онд хогны дахин боловсруулалтын хэмжээг 35 хувьд хүргэх явдал юм. Төсөл хэрэгжсэнээр зөвхөн Бээжин хотын хувьд гэхэд хогонд зарцуулах зардал 64 хувиар буурах тооцоолол гарсан ба агаарын бохирдолыг мөн тодорхой хэмжээгээр бууруулна.
БНХАУ-д ахуйн хог ялгаж хаях ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч хэрэгжилт сул байсан учраас урамшуулал болон торгуулийн системийг нэвтрүүлэн ийнхүү чангатгаж байна. Эхний ээлжинд 46 хотын төрийн байгууллага болон үйлчилгээний газруудаас эхлэн шат дараалалтай хэрэгжүүлэх юм. 
Мөн өрх бүр хогоо зөв ялгаснаар оноо цуглуулан, ахуйн хэрэглээний урамшуулал авах боломжтой ба ялгахгүйгээр хаясан тохиолдолд мөнгөн торгууль төлнө.   
Бээжин хот. А.Анхбаяр
Холбоотой мэдээ