Сутай уулын мөнх цагаан оргилыг бум буман хонин сүргийн даллагатай уул гэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-27 09:36:48
Ховд/МОНЦАМЭ/Ноён оргил Цаст богд нь далайн түвшнээс дээш 4250м өндөрт байх 60 км сунаж тогтсон Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршдог араараа хар модон ойтой Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг. Газрын зурагт 4090м өндөр гэж тэмдэглэсэн байдаг ч 2000 оны намар авирсан уулчид Сутай уулыг 4234м өндөр гэж тодорхойлжээ.
Сүү сааль арвин сарлаг ихтэй энэ хайрханыг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч Тонхил нуурт цутгана. Аргал, янгир, ирвэс, үнэг, чоно зэрэг  ан амьтан элбэг. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үеэс тахиж ирсэн овоо бий. 2008 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон юм.
Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм. Уг хөндий 50 гаруй км үргэлжилж Хөвхөрийн хойт үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугат хөрсийг ундаална.
Олон зуун жил үржил шимт уулаа түшин арвин баян таван хошуу малаа адгуулан маллаж ирсэн нутгийн олон энэ уулынхаа нэрээр нэршсэн өгөөж арвинтай "Сутай" омгийн хундан цагаан хонь гарган авчээ.
Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны ард нутгийн ардаас цөөн тооны хонь худалдан авч хөлжөөд хот дүүрэн хоньтой болсон цагаас энэ буянт уул халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан алтай юм даа гэж ерөөж байсан домогтой гэдэг. Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул гэдэг.
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ