Ахуйн болон тусгай зориулалтаар 130 ан амьтан агнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-25 21:01:06
Дундговь/МОНЦАМЭ/ 2017 онд ахуйн болон тусгай зориулалтаар нийт 130 тооны ан амьтныг Дундговь аймгийн 6 сумын нутгаас агнана. Агнаж болох ан амьтдын энэ тоо болон ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг аймгийн ИТХ- ын 4 дүгээр хуралдаанаар өнөөдөр тогтоолоо.
2006 оноос хойш Дундговь аймгийн нутаг дэвсгэрт тусгай зориулалтаар ан агнаагүй байснаа 2015 оноос энэ зориулалтаар агнаж эхэлсэн байна. Тиймээс байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу төлбөрийн нь  хувь хэмжээг тогтоох шаардлага ургаад байжээ.
Ахуйн болон  үйлдвэрлэл, соёл шинжлэх ухааны зориулалтаар агнасан ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиар тогтоосон. Мөн ахуйн зориулалтаар шувуу агнах зөвшөөрлийн нэг удаагийн эрхийн бичиг 10 мянган төгрөг, ахуйн болон үйлдвэрлэл соёл шинжлэх ухааны зориулалтаар агнасан,  барьсан бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны толгой тутмын экологи эдийн засгийн үнэлгээний 2 хувь байхаар баталсан юм.
Үүнтэй холбогдуулан агнуурын бүс нутгийг мөн тогтоосон. Үүнд Баянжаргалан, Өндөршил, Дэлгэрхангай,Сайхан-Овоо, Гурвансайхан, Өлзийт сум багтаж байна. Энэ бүс нутгаас 2017 онд тусгай  зориулалтаар агнах аргаль, янгир, цагаан зээрийн тоог нийт 30, ахуйн зориулалтаар агнах цагаан зээрийн тоог 100-гаар тогтоон баталлаа.
Тусгай зориулалтын ангаас 180  гаруй сая, ахуйн зориулалтын ангаас 11 сая төгрөг орон нутгийн орлогод төвлөрнө.  Үүний 50 хувь нь сумын төсөвт орж, 50 хувь нь байгаль хамгаалах санд төвлөрөн, ан амьтдын экологийн тэнцвэрийг хадгалж хамгаалахад зориулан зарцуулдаг байна.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ