"Шатар" аймгийн хөтөлбөрийг 4 жил хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-21 14:56:53
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолоор шатрын спортыг боловсролын бахархал болгон зарлаж байсан. Тэгвэл аймгийн БСУГ-аас “Шатар” аймгийн хөтөлбөрийг боловсруулан 2017 оны 4 сарын 19-ний өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлууллаа.
“Шатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хүүхэд, залуучууд, гэр бүлд шатар тоглох анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэхээс гадна цаашид шатрын спортоор хичээллэх хүсэл сонирхол, тэмүүллийг бий болгох улмаар ургуулан бодох, ул суурьтай үнэлэх чадвар, тэсвэр тэвчээр, оновчтой шийдвэр гаргаж чаддаг зан чанарыг өвлүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Хөтөлбөр 2017-2020 он хүртэл 4 жил хэрэгжих бөгөөд сум бүр шатрын клуб, холбоотой болж, шатрын танхим, булан нээх, байгууллага бүр төлөвлөгөөндөө шатрын спортын талаар тусгаж, цэцэрлэг, сургууль бүр шатрын сургалтыг өөрийн онцлогт тохируулан хичээлийн бус цагаар зааж сургах, шатрын багш, дасгалжуулагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, шатрын спортыг хөгжүүлж чадсан өрх гэр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, багш, дасгалжуулагчдыг алдаршуулан дэмжих зэрэг олон ажлыг зохион байгуулна.
Одоогоор тус аймгийн 30 сургууль, 35 цэцэрлэгт шатрын дугуйлан хичээллэж, 7000 гаруй хүүхэд суралцаж байгаа юм. Шатрыг боловсролын бахархал болгон зарласан 2013-2014 онд нийт 2201 хүүхэд шатрын анхан, дунд, гүнзгий шатны сургалтанд хамрагдаж байсан бол 2014-2015 онд 3655, 2015-2016 онд 7005 болж, шатар сонирхогчдын тоо эрчимтэй нэмэгджээ.
Шатрын спортоор Өвөрхангай аймгаас С.Лхагвадорж улсын 2 удаагийн аваргаар шалгарсан бол Н.Мөнхжаргал Шатрын спортын дэд мастер, А.Төмөрхуяг, Ц.Пүрэвгял нар Шатрын спортын мастер, Г.Мөнхгал Олон улсын хэмжээний мастер болоод байна. 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ