Улаан загалмайчууд зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-20 16:36:42
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Улаан Загалмай нийгэмлэг болон Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооноос Хэнтий аймгийн Батширээт, Баян-Адрага, Өмнөдэлгэр, Дадал, Хурх, Мөрөн, Хэрлэн, Өлзийт, Тахилгат, Жаргалтхаан, Баян-Овоо сумдын зудын нөхцөлд байгаа малчдад тусламж үзүүлж байна.
 
Энэ хүрээнд нийт 275 малчин өрхөд тус бүр 245 мянган төгрөгийн бэлэн мөнгө, малын эмчилгээний болон эрүүл мэндийн анхны тусламжийн багц зэргийг Хаан банкаар дамжуулан олгох ажлыг энэ сарын 19–ний өдрөөс зохион байгуулж эхэллээ.
 
Дээрх тусламжийг 200-с доош толгой малтай, зудад нэрвэгдсэн, 5-аас дээш хүүхэдтэй, өрх толгойлсон, өндөр настай зэргийг харгалзан олгож байгаа юм байна.
           
Хэнтий аймгийн УЗХ-оос тусламж олгох үед ажиллах сайн дурын 35 идэвхтэнг сонгон, Хаан банкин дээрээс тусламжаа хүлээн авч байгаа малчдад Улаан Загалмайн байгууллагын батламж, мэндчилгээ гардуулах, үнэлгээ судалгаа хийх чиглэлээр ажиллуулж байна.
 
МУЗН зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлынхаа эхний шатны тусламжийг Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 1740 өрхөд хүргэсэн бол 2-р шатны тусламжаа Төв, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ зэрэг 7 аймгийн 1740 өрхөд хүргэж байна.
 
Улаан загалмайчууд 2016 онд өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 5400 өрхөд 1,6 тэрбум төгрөгийн, 2017 онд 12 аймгийн 3480 өрхөд 1,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
 
Малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо, Үндэсний нийгэмлэгүүд, Европын холбоо, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллагаас санхүүжилтийг нь олгосон аж. 

Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ