ОУВС: Энэ онд дэлхийн эдийн засаг 3,5 хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-04-20 10:15:08
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Олон улсын валютын сангаас /ОУВС/ бэлтгэн гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал”-ын тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засаг энэ онд 3.5 хувиар өсөх төлөвтэй байна. 

Өмнө нь 3.4 хувиар өснө гэсэн таамаглаж байсантай харьцуулахад 0,1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь “санхүүгийн зах зээл сэргэж, удаан хүлээлгэсэн үйлдвэрлэл, худалдааны дахин сэргэлтийн мөчлөг ирж байгаатай холбоотой" гэж ОУВС тайлбарлажээ.

Харин 2018 онд дэлхийн эдийн засаг 3,6 хувиар өснө гэсэн таамаг хэвээр байна. Гэхдээ дэлхийн эдийн засагт бүтээмжийн өсөлт удаан байгаа, орлогын ялгаа, тэргүүлэх эдийн засагтай орнууд дотооддоо чиглэсэн бодлого явуулж байгаа, АНУ-ын Төвбанкны бодлогын хүү өссөн зэрэг хэд хэдэн эрсдэл байсаар байгаа юм.
 
АНУ-ын эдийн засгийн өсөлт 2017 онд 2.3 хувь, 2018 онд 2.5 хувь байна гэсэн таамаглал өөрчлөгдөөгүй бол хамгийн том эдийн засагтай орнуудын талаарх таамаглалаа ОУВС өсгөн өөрчилжээ. Тухайлбал, еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт 2017 онд 1.6 хувь байна гэснийг 1.7 хувь болно гэж үзсэн бол Японы эдийн засгийн өсөлт 0.4 хувьтай байна гэснийг 1.2 хувь, ОХУ-ын эдийн засгийн өсөлт 1.1 хувьтай гарна гэсэн таамаглалыг 1.4 хувь, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болно гэж таамагласнаа 6.6 хувь болгон тус тус өөрчилсөн байна. 
 

Х.Сарнай
 
 
Холбоотой мэдээ