Уул уурхайн компани олборлолт хийх гэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-19 14:34:24
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хангайн нуруунаас эхтэй Загийн гол эхээ сэлбэдэг Ихбулаг гэдэг газарт "Централ Азиа Майнинг" нэртэй уул уурхайн компани алт олборлох үйл ажиллагаа явуулахаар зэхэж техник хэрэгслээ байрлуулжээ. Тус асуудлаар санаа сэтгэл зовнин Ардын уран зохиолч Т.Галсан болон нутгийн иргэдээс өргөдөл гомдлыг холбогдох албаныханд тасралтгүй явуулсаар байгаа аж.
Тэд "Тус үйлдэл нь Монгол Улсын гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалтууд болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж байна" гэж үзэж, ус нутгаа хамгаалан тэмцэж байгаа юм. Тиймээс Ардын уран зохиолч Т.Галсан тэргүүтэй нутгийн зон олны хүсэлтийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт хууль тогтоомжиин дагуу шийдвэрлэж өгөхийг уламжилжээ.
Баянхонгор аймгийн Заг сум нь байгалийн түүх, дурсгалт газар бөгөөд энэхүү суманд Хангайн нуруунаас эх авсан Загийн гол урсдаг. Загийн гол нь Өвөр Ямаатын уулаас эх авч 100 км урсаад, Байдрагийн голтой нийлж 300 км урсан Баянхонгор аймгийн Бөөнцагаан нууранд цутгадаг. Тус гол нь Баянхонгор аймгийн хэд хэдэн сумын нутгийг дамжин өнгөрдөг бөгөөд тус сумын хүн малын ундны усны эх үүсвэр аж.
                                                                                                                         Б.Мөнхзул
 
Холбоотой мэдээ