Албани улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСКОПЬЕ. /TASS/. Бүгд Найрамдах Албани улсад өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж байна.
Ардын хурлын хуралдааны үеэр нууц санал хураалтын эхний шат явагдана. Төрийн тэргүүнээр сонгогдох нэр дэвшигчид парламентын гишүүдийн 3/5-ын дэмжлэгийг авсан байх ёстой, өөрөөр хэлбэл, нэг танхимтай хууль тогтоох дээд байгууллагын 140 депутатын 84-ийнх нь саналыг авах ёстой юм.
Ингэж чадаагүй тохиолдолд сонгуулийн дараагийн шатыг явуулдаг. Парламентын дарга Илир Мет хэлэхдээ “Ерөнхийлөгчийн сонгууль 18:00 цагт эхэлж, Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн дагуу явагдана" гэлээ.
Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигчдийн нэрс одоогоор тодорхой болоогүй байгаа ба нэр дэвшигчдийн жагсаалтыг өдөр эсвэл санал хураалт болохын өмнө зарлах бололтой. Македоны “Алсат-М” телевизийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийн сонгуульд хэд хэдэн нэр дэвшигч өрсөлдөх аж. Тухайлбал, Албанийн Батлан хамгаалахын сайд Мими Кодели, 2001-2002 онуудад ГХЯ-ыг тэргүүлж байсан Арта Даде, Ерөнхий сайд асан Пандели Майко /1998-1999, 2002он/ нар байгаа ажээ.
Эдгээр улс төрчид бүгдээрээ өнөөгийн парламентад олонх болсон Социалист намын гишүүд юм. Гол сөрөг хүчний нам болох Ардчилсан нам болон бусад нам нэр дэвшигчдээ зарлаагүй байна. Албанийн Ерөнхийлөгч 5 жилийн хугацаагаар сонгогддог ба одоо Ерөнхийлөгчөөр Ардчилсан намын Буяр Нишани сонгогдон ажиллаж байна.
Тэрбээр 2012 оны 7 дугаар сарын 24-нд төрийн тэргүүнээр сонгогджээ. Депутатууд Ерөнхийлөгчийг сонгохын тулд гурван удаа нууц санал хураалт хийх эрхтэй ба шаардлага гарвал дөрөвдүгээр шатыг зарлаж, улмаар ердийн олонхын санал авсан нэр дэвшигч ялдаг юм.
О.Барс