Зөвлөлдөх санал асуулгад Дундговийн 20 иргэн хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-17 19:25:00
Дундговь/МОНЦАМЭ/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар явуулж байгаа зөвлөлдөх санал асуулгад  Дундговь аймгийн 20 иргэн хамрагдаж байна.
Зөвлөлдөх санал асуулга явуулах олон улсын жишиг, аргачлалын дагуу Үндэсний Статистикийн хороо санамсаргүй түүврийн аргаар сонголт хийж 1570  иргэнээ судалгааны мэдээлэл цуглуулахаар болсон. Үүнд Дундговь аймгийн Ар- Урт баг, Хулд сумын Бүлээн багаас тус бүр 10 иргэн сонгогджээ.
“Судалгаанд оролцсон 20 иргэнээс УИХ- ын тогтоолын хавсралтад заасан сэдвүүдээр асуулга авч дүнг гаргана. Дараа нь судалгаанд хамрагдсан иргэдийн тавин хувь буюу 10 иргэнийг мөн түүврийн аргаар сонгож, энэ сарын 29- 30- ны өдөр Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэгт оролцуулан, тодорхой мэдээлэл ойлголттой болсоны нь үндсэн дээр дахин асуулга авч, харьцуулсан дүнг гаргана” гэж Статистикийн хэлтсийн дарга Б. Энхтуяа хэллээ.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ