Шилдэг спорт хамтлаг шалгаруулах болзол өнөөдрөөс эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-17 18:24:40
Дундговь/МОНЦАМЭ/ Идэвхитэй хөдөлгөөнийг дэмжиж,  халдварт бус өвчнийг бууруулахад хувь нэмэр оруулан, өндөр бүтээмжтэй, эрүүл ажлын байр бүрдүүлэхэд идэвхийлж байгаа байгууллагыг шалгаруулах нэгэн болзлыг аймгийн ЭМГ, Биеийн тамир, спортын газар өнөөдрөөс эхлэн зарлалаа.
Биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг ажилтан алба хаагчиддаа бүрдүүлж, уралдаан тэмцээн зохион байгуулдаг байх, эрүүл мэнд, бие бялдрын нь түвшинд үнэлгээ өгч, түүнийг сайжруулахад анхаарах нь Биеийн тамир, спортын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын үүрэг байдаг. Энэ үүргээ биелүүлж, спорт хамтлагаараа дамжуулан биеийн тамир, спорт, идэвхитэй хөдөлгөөнийг хэвшүүлж байгаа хэд хэдэн байгууллага Дундговь аймагт бий. Тэдгээрийн тоог нэмэгдүүлэх нь дээрхи болзлын зорилго бөгөөд “Эрүүл ажлын байр- Эрч хүчтэй, эрүүл амьдрал” сэдвийн дор санаачилгатай, шилдэг спорт хамтлагийг тодруулах юм байна.
Биеийн тамир, спортын тухай хууль, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, тухайн байгууллага спорт хамтлагтаа хэрхэн хөрөнгө зарцуулж, биеийн тамир, спортыг танхимаа хэрхэн тохижуулсан, аймаг, улс, бүсийн тэмцээнд тамирчдаа хэрхэн бэлдэж оролцуулсан, спорт хамтлагаараа дамжуулж байгууллагынхаа нийт ажилтан алба хаагчдад идэвхитэй хөдөлгөөнийг хэрхэн хэвшүүлсэн гэх зэргээр олон шалгуурыг болзолд тусгаж өгчээ.
Өнөөдрөөс эхлэн зарлаж байгаа дээрхи болзлыг 12 дугаар сарын 8- нд дүгнэнэ.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ