Б.Энхбаяр: Энэ жил улаан буудайн үрийн чанар сайн байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-17 16:39:23
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга, аймгийн ерөнхий агрономич Бямбаагийн Энхбаяртай уулзаж ярилцлаа.
-Хаврын тариалалтын ажил хаяанд ирлээ. Энэ жил хэдий хэмжээний тариалалт хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ хавар Булган аймаг 45 мянган га талбайд тариалалт хийнэ. Үүнээс 42000 га-д үр тариа, 700 гаруй га-д төмс хүнсний ногоо тариална. Тэжээлийн ургамал 300 га-д бусад таримал  үлдэх талбайд нь тарихаар төлөвлөсөн байгаа.
-Үрийн нөөц, чанарын хувьд ямар байгаа вэ?
-Нийтдээ 6500 тонн үр шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар 2520 тонныг нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө нөөцөлсөн мэдээ бий. Үлдэх 3900 гаруй тонн үрийг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болон бусад газраас авахаар захиалга хийгээд байна. Үрийн нөөц, хангамж боломжтой.
Ерөнхийдөө өнгөрсөн жилийн ургац чанарын хувьд сайн байсан. Тиймээс үрийн чанарт санаа зовохгүй байгаа. Стандартад тэнцэж байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын лабораториор тариалах үрэнд хоёр удаа шинжилгээ хийлгэсэн. Тэгэхэд үрийн чанар 85 хувиас дээш соёололттой, 95 хувиас дээш цэвэршилттэй гарлаа. Ийм үрээр тариалалт хийхээр бэлтгэж байна.
-Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг агаарын нөхцөлийг харгалзан технологит хугацаанд эрхлэх шаардлага гардаг. Хаврын тариалалтыг хугацаанд хийх техникийн хангамж хэр зэрэг байгаа бол?
-“Атрын III” аянаас хойш манай газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд техник шинэчлэл хийсэн. Сүүлийн жилүүдэд ургац өндөр аваад аж ахуйн нэгжүүд техникээ сайн шинэчиллээ. Ер нь технологит ажлуудыг ялангуяа хаврын тариалалтыг 14-20 хоногт багтаах техникийн парк бүрдүүлсэн байгаа. Техник засвар 35-40 хувьтай байна.
-Энэ жилийн тариалалтын онцлог юу байна вэ? Чийг сайтай хөрсөнд үр суулгах байх.
-Энэ жил хангалтттай чийгтэй гэж үзэж байна. Өнгөрсөн намар тариалангийн бүс нутгуудаар нэлээд хэмжээний цас орсон. Дээр нь өвөл их цастай байсан. Цаг уурын мэдээллээр 2016 оны нөөц чийг манай аймагт сайн, хангалттай гэж гарсан. Энэ сарын 25-нд хийхээр төлөвлөж байгаа аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөнд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хөрсний чийгийг тодорхойлсон дүнг танилцуулна.
Тэгэхдээ цаг уурын байгууллагаас улсын зөвлөлгөөнд тавьж байгаа мэдээллээр бол 7, 8-р сард халах магадлалтай гэж үзэж байгаа. Гэхдээ 60 хувийн ончтой байдаг гэсэн. Үүнд тааруулж технологио мөрдөж тариалалтыг хийнэ гэж бодож зөвлөмж боловсруулж байгаа. Үр тарианы яг бутлалт, гол хатгалтын үед ган тэнсвэрлэх чадварыг тохируулахаар тариалалтыг 5–р сарын 10-наас 20-ны хооронд багтааж улаан буудайн тариалалтыг хийхээр төлөвлөж байгаа.
-Булган аймагт “Жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хаврын хувьд жимс жимсгэний тариалалт нэмэгдэх байх даа.
-“Булган жимс жимсгэнэ” хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд чацаргана төсөл хэрэгжиж байна. Нийтдээ 300 га-д чацаргана тариалахаар төлөвлөсөн. Энэ тариалах чацарганы суулгац, тариалсан талбайн хашаа, худгийг аймгаас орон нутгаас хангаж өгөхөөр төлөвлөсөн. Төсөв, хөрөнгө нь шийдэгдэж, тендер зарлагдсан. “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр суманд ажлын хэсэг байгуулагдаад, чацаргана тариалалтыг бүлгийн зохион байгуулалтаар хийхээр газрыг заагаад өгчихсөн байгаа. Одоо хашаа, худгаа барих ажил эхлэх гэж байна.
М.Батжаргал
 

Холбоотой мэдээ