Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлж ажиллахад бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-16 20:25:28
Дундговь/МОНЦАМЭ/ ЦУОШ- ний газрын даргын тушаал гарвал энэ сарын хорьдын үеэс цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг эхлүүлнэ гэж аймгийн УЦУОШ- ний газрын дарга Я. Мажаасүрэн хэллээ.  
Дундговь аймагт цаг агаарт зориудаар нөлөөлдөг хоёр экспидиц бий. Энэ жил төсөв санхүүгийн байдлаас шалтгаалан нэг экспидиц ажиллана. 43 пуужин нөөцөлсөн. Бэлтгэл ажил хангагдсан байна.
Жил бүр дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлж эхэлдэг. Ингэснээр хөрсний угтвар чийгийг нэмэгдүүлж, бэлчээрийн ургамал сэргэн ургах нөхцлийг эрт бүрдүүлдэг байна.
Өнөөдөр Дундговийн ихэнх нутгаар  үүлэрхэг өнжсөн. Гэхдээ  салхи 16- 18 м.сек, агаарын температур тогтворгүй байгаа бөгөөд ийм үед үүлэнд нөлөөлвөл цасан шуурга үүсгэж болзошгүй байдаг гэнэ. Ялангуяа мал төллөлтийн ид үед энэ бол эрсдэлтэй гэж үздэг ажээ. Харин агаарын температур дулаавтар, салхи багатай үед хур тунадасны үүл бүрэлдэх нь боломжит үе  болдог байна. Энэ сард 19, 20- ны өдрүүдэд ийм үе тохионо. Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг эхлэх тухай шийдвэр гарвал тэр өдрүүдэд эхний нөлөөллийг хийхээр ийн төлөвлөсөн гэлээ.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг 2008 онд Монгол орны бүх аймгууд хэрэгжүүлж эхэлсэн байдаг.Байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээ эрс багасч, үүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагавар бий болж байгаа ийм үед үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх нь багагүй үр дүнтэйг өнгөрсөн хугацаа харуулжээ.  
Хур тунадасны үүлэнд нөлөөлнө гэдэг нь нүүрсхүчлийн хий, иодот мөнгөний реагентийг үүлэнд цацаж үйлчилснээр үүлэнд тархсан реагентийн тоосонцорууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон хөрсөнд унах нөхцлийг бүрдүүлдэг байна. Энэ үйл явц амьтан, ургамал, байгаль орчинд хор хөнөөлгүй болохыг Дэлхийн Цаг уурын байгууллага тогтоосон байдаг ажээ.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ