Дархан хот “КОЙКА” ОУБ-тай боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-16 19:35:50
      
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат  “КОЙКА” ОУБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ёныг аймгийн ЗДТГ-ын “Хүндэтгэлийн танхим”-д хүлээн авч уулзав. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар байлцлаа.
Хатагтай Пак Сү Ён нь энэ удаад тус байгууллагаас Дархан-Уул аймагт шинээр томилогдон ажиллах сайн дурын гишүүдийн ажиллах байгууллагуудтай өөрийн биеэр танилцах зорилготой ирснээ ярилаа. Тэрээр “КОЙКА” ОУБ, Дархан-Уул аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагаа 10 гаруй жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд үр дүнтэй ажилласныг дурдахын зэрэгцээ цаашид хамтын ажиллагаагаа боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн юм. Үүний дагуу аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат хатагтай Пак Сү Ён-д боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах тухай үндсэн хоёр хүсэлт тавьсан. Үүнд: Дархан сумын нэгдүгээр сургуульд “Ухаалаг анги” байгуулахад туслах, мөн аймгийн Нэгдсэн Эмнэлгийн оношлогооны техник, төхөөрөмжийн шинэчлэлд анхаарч хамтран ажиллах, Койка ОУБ-аас нийгмийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг 2020 он хүртэл үргэлжлүүлэх санал тавьсныг хатагтай Пак Сү Ён нааштай хүлээж авлаа. Тухайлбал: Энэ оноос нэгдүгээр сургуульд “Өсвөрийн хөгжил” чиглэлээр сайн дурын гишүүн томилогдон ажиллахаар болсон. Томилогдон ажиллаж байгаа сайн дурын гишүүд тухайн байгууллагадаа Койка-ийн санхүүжилтээр нэн шаардлагатай байгаа төсөл хэрэгжүүлдэг онцлогтой. Энэ жишгийн дагуу тус нэгдүгээр сургуульд томилогдон ажиллах сайн дурын гишүүн нь тус сургуулийн хэрэгцээ, шаардлагыг судалж үзээд “Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэв.
Мөн уулзалтын үеэр ирэх тавдугаар сард КОЙКА-аас WFK /World Friends KOICA/ танилцуулга сургалт зохион байгуулахаар тохиролцлоо.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ