Хувь хүний болгоомжгүйгээс болж ой хээрийн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-16 18:51:49
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа багийн нутаг Гэр чулууны ар гэх газар иргэн Ц нь үнс нурмаа бүрэн унтрааж, зориулалтын саванд хийгээгүйн улмаас ой, хээрийн түймэр гарчээ.
Энэ сарын 02-ны өдөр болсон энэхүү иргэний хариуцлагагүй, болгоомжгүй үйл ажиллагаанаас болж 151 га талбай газар түймэрт өртөн шатаж, түймэр унтраахад 31 хүн, 4 автомашин дайчлагдан ажиллажээ. Энэхүү ой, хээрийн түймрийн улмаас ойн экологид 382.5 га/мян төгрөгийн бэлчээр, хадлангийн талбай шатаж, 822.5 га/мян төгрөгийн хохирол байгаль экологид учирч, түймэр унтраах зардалд 154.8 мянган төгрөг зарцуулагдсан байна.
Өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж түймэр тавьсан иргэн Ц-д түймрийн улмаас учирсан хохирол болох 1399000 төгрөгийн торгуулийг 2017 оны 05 сарын 05-ны өдрийн дотор төлүүлэх шийдвэр гарсан байна.
Ч.Отгонцэцэг       
Холбоотой мэдээ