Орон сууцанд 43 сая доллар бэлнээр байсныг хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-14 13:17:57
ЛОНДОН. /BBC/. Нигерийн Авлигатай тэмцэх газар тус улсын томоохон хот болох Лагос дахь хувийн эзэмшлийн нэгэн байранд нэгжлэг хийж, 43 сая гаруй доллар бэлнээр байсныг илрүүлэн хурааж авчээ.

Нигерийн Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх комиссын мэдээлснээр, сэжигтэй байрыг сонор сэрэмжтэй хөрш нь зааж өгсөн ба тэрбээр "бохир хувцастай ядарсан байрын эмэгтэй шоо дөрвөлжин хээтэй цүнхтэй зүйлийг оруулж гаргаад байна" гэж мэдээлжээ.

Авлигатай тэмцэх газрынхан "энэ мөнгө гэмт хэргийн гаралтай байж магадгүй" гэж сэжиглэж байгаа боловч одоохондоо үүнийг нотлоогүй байна. Орон сууцны барилгын 8 дугаар давхарт байрлах таван өрөө энэ байр нь Лагос хотын “Икойи” гэдэг баячуудын хороололд байдаг аж. Уг байранд нийтдээ 43 сая америк доллар, 27,8 мянган фунт стерлинг, 28 сая Нигерийн найр /90 мянган доллар/ бэлнээр байжээ.Ийм их хэмжээний мөнгийг лацадсан том дугтуйнд нямбайлан хийгээд хувцасны өрөөнд хадгалж байсан аж.

Орон сууцны харуулууд ярихдаа "дээрх байранд байнга хүн амьдардаггүй ч хааяа хааяа шоо дөрвөлжин хээтэй цүнх барьсан эмэгтэй ирдэг байсан" гэсэн байна.

“Тэр эмэгтэй эцэнхий царайтай, бохир хувцастай байсан боловч түүний арьсны өнгө нь байр бадйалтай нь зохицохгүй харагдаж байсан, магадгүй тэрбээр нүүр царайгаа хувиргасан ч байж мэднэ” гэж Авлигатай тэмцэх газрынхан үзэж байна.

Ихээхэн хэмжээний бэлэн мөнгө нуусан газрыг илрүүлсэн нь анхны тохиолдол биш аж. Авлигатай тэмцэх газрын ажилтнууд 3 дугаар сард тус улсын хойд нутгийн Кадуна хотын нисэх онгоцны буудалд 155 мянган долларын шинэ дэвсгэртүүдийг илрүүлэн хурааж байв.
О.Барс

 
 
Холбоотой мэдээ